Өмнөд Солонгос даяар элсэлтийн шалгалтын үеэр хиймэл оюуны технологи ашиглан хуулахыг оролдсон 111 сурагч баригдав
Өмнөд Солонгос улсад хиймэл оюун ухааны (AI) хэрэгсэл ашиглан шалгалтын үеэр хуулах тохиолдол нэмэгдэж буйтай холбогдуулан тус улсын боловсролын яам урьдчилан сэргийлэх шинэ арга хэмжээ авч хэрэгжүүлсэн юм. Уг арга хэмжээг анх удаа хэрэгжүүлсэн энэ жилийн их сургуулийн элсэлтийн шалгалтын үеэр 111 сурагч ухаалаг төхөөрөмж ашиглаж байгаад баригдсаныг эрх баригчид Баасан гарагт мэдээлжээ. Тэдгээр шалгуулагчдын тав нь шалгалтын үеэр ухаалаг төхөөрөмж ашиглаж байгаад газар дээрээ баригдсан юм байна. Энэ долоо хоногт хагас сая орчим сурагч их сургуульд элсэх "Сунын" (Suneung) шалгалтад оролцсон юм. "Сунын" шалгалтын өмнө эрх баригчид шалгалтын танхимд зөвшөөрөлгүй төхөөрөмж байгаа эсэхийг илрүүлэх зорилгоор улс орон даяар бүх гар утсанд яаралтай сэрэмжлүүлэг зурвас илгээх арга хэмжээг авсан байна. Баасан гарагт тус улсын ерөнхийлөгч И Жэ Мён хиймэл оюун ухаан ашиглан хуулах асуудлыг шийдвэрлэхийн тулд шалгалтын тогтолцоог бүхэлд нь шинэчлэхийг уриалжээ. Өмнөд Солонгост улсын хэмжээний шалгалтууд нь "боломж, нөөцийн хуваарилалтад ихээхэн нөлөөлдөг" болохыг онцолсон тэрбээр ийм шалгалтад хиймэл оюун ухаан ашиглан хуурах нь "шударга ёс, итгэлцлийг алдагдуулж, нийгмийн үндсэн дэг журмыг ганхуулж байна" хэмээн мэдэгдсэн юм. Сүүлийн хэдэн долоо хоногт шалгуулагчид хиймэл оюун ухаан бүхий төхөөрөмж ашиглан хуурсан тухай мэдээллүүд хэд хэд гарснаар шалгалтын шударга бус байдлын талаар санаа зовнил нийгэмд улам бүр нэмэгдээд байгаа. Өнгөрсөн сард их сургуулийн элсэлтийн шалгалтын үеэр хоёр шалгуулагч хиймэл оюун ухаантай нүдний шил ашиглан хуурч байгаад баригдсан. Боловсролын яамны мэдээлснээр энэ онд дунд болон ахлах сургуулийн нийт дөрвөн сурагч хиймэл оюун ухаантай нүдний шил ашиглан хуурч байгаад баригдсан байна. Өнгөрсөн Ням гарагт Өмнөд Солонгосын татварын мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтад хамгийн өндөр оноо авсан хүн жижиг камер, гар утас, хиймэл оюун ухааны хэрэгслүүд ашиглан хуурснаа хүлээн зөвшөөрснөөр энэхүү түгшүүр дээд цэгтээ хүрсэн юм. Тэрбээр нийт 160 асуултаас ердөө нэгэнд нь л буруу хариулж, ер бусын өндөр оноо авсан нь эргэлзээ төрүүлж байжээ. Пүрэв гарагт болсон шалгалтын үеэр 08:00-15:00 цагийн хооронд гурван удаагийн сэрэмжлүүлэг зурвас илгээсэн нь улс даяар бүх гар утаснуудыг нэгэн зэрэг дуугарахад хүргэсэн байна. Үүнд дуугүй горимд тохируулсан утаснууд, тэр ч байтугай роуминг үйлчилгээ ашиглаж буй жуулчдын утаснууд ч багтсан юм. Харин унтраалттай эсвэл "нислэгийн горим"-д (airplane mode) шилжүүлсэн утаснууд дуугараагүй аж. Нууцаар гар утастай шалгалтын танхимд нэвтэрсэн оролцогчдыг илрүүлэх зорилгоор ийм арга хэмжээ авсан байна. Энэ нь Өмнөд Солонгос улс шалгалтын үеэр хууран мэхлэх явдлыг илрүүлэх зорилгоор үндэсний хэмжээний гамшгийн дохиоллын системийг ашигласан анхны тохиолдол болжээ. Түүнчлэн шалгуулагчид нууц камер байрлуулсан байж болзошгүй гэж үзсэний үндсэн дээр цамц, хүрмийнхээ товчнуудыг таглах шаардлагатай болсон бөгөөд эрх бүхий албаныхан нүдний шилнүүдийг ч шалгасан байна. Энэ бүх арга хэмжээ шударгаар шалгалт өгч буй сурагчдыг хүртэл түгшүүртэй байдалд оруулжээ. "Сунын" (Suneung) шалгалтын өмнөхөн ахлах сургуулийн нэгэн төгсөх ангийн сурагч "Korea Times" сонинд ярихдаа өөрийнх нь эвэр хүрээтэй нүдний шилийг "ухаалаг шил" (smart glasses) гэж андуурах вий хэмээн санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна. Өөр нэг сурагч ердийн үед нүдний шил зүүдэг ч сэжиг төрүүлэхгүйн тулд "Сунын" шалгалтын өдөр контакт линз зүүхээр шийдсэнээ "Yonhap" агентлагт ярьжээ. Жил бүрийн арваннэгдүгээр сард зохион байгуулагддаг "Сунын" шалгалт нь найман цагийн турш үргэлжилж, хүнд хэцүү, цуврал сорилуудаас бүрддэг гэдгээрээ алдартай. Сурагчид солонгос хэл, математик, англи хэл, нийгмийн болон байгалийн ухаан зэрэг олон төрлийн хичээлээр нийт 200 орчим асуултад хариулах ёстой болдог. Шалгалтын орчныг хамгийн таатай байлгахын тулд тус улсад барилгын ажлууд түр зогсож, онгоцны нислэгүүд хойшилж, цэргийн сургуулилалтууд ч түр зогсдог байна. Өмнөд Солонгосчуудын олонх нь "Сунын" шалгалтыг олон жилийн сурч боловсрох үйл явцын оргил үе, цаашлаад их сургуульд элсэх, ирээдүйн ажил мэргэжил, нийгэм дэх байр суурийг тодорхойлох эргэлтийн цэг гэж үздэг. Эх сурвалж: BBC