ТЭСО группийн 30 жилийн ойн “БҮТЭЭГЧИД” баримтат, уран сайхны кино нээлтээ хийлээ
ТЭСО Групп нь 1996 онд бизнесийн гараагаа эхлүүлсэн бол өдгөө дөрвөн үндсэн чиглэлд 40 гаруй салбар компани, 2,500 гаруй ажилтантай үндэсний хэмжээний групп компани болон өргөжин хөгжжээ. Үүсгэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ойг тохиолдуулан группийн хөгжлийн түүхийг дэлгэцийн бүтээлд мөнхөлсөн “Бүтээгчид” баримтат, уран сайхны киноны нээлт арваннэгдүгээр сарын 20-ны өдөр боллоо. Тус бүтээлийг “Монгал Эф Пи” студитэй хамтран бүтээсэн ба анхны бизнесийн гараанаас өнөөг хүртэлх ололт амжилт, сорилт бэрхшээл, тэдгээрийг даван туулсан хамтын түүхийг өгүүлжээ. Түүнчлэн ТЭСО Группийн 30 жилийн түүхийг зөвхөн бизнесийн өсөлт, хөгжлөөр бус, нэгэн зорилгын төлөө нэгдсэн олон мянган хүний хүсэл тэмүүлэл, тууштай хөдөлмөр, хамтын итгэлцлээр бүтсэн үнэ цэнтэй замнал болохыг харуулж, энэхүү түүхээр дамжуулан шинэ үеийн бүтээгчдэд урам зориг өгөхийг зорьжээ. Киноны нээлтийн арга хэмжээнд ТЭСО Группийн үүсгэн байгуулагчид, удирдлагууд болон киноны уран бүтээлчид хүрэлцэн ирж, түүхт 30 жилийн ойд зориулсан дэлгэцийн бүтээлийг хамтдаа нээлээ. “Бүтээгчид” кино нь ТЭСО Группийн түүхэн үйл явдлуудыг баримтат болон уран сайхны өгүүлэмжээр хослуулан харуулснаараа онцлогтой. Тус бүтээл нь өнгөрсөн 30 жилийн ололт амжилтыг эргэн дурсахаас гадна түүхийг бүтээлцсэн хүмүүсийн үнэ цэн, байгууллагын хөгжлийн суурь болсон үзэл санаа, үнэт зүйлсийг хойч үедээ өвлүүлэн үлдээх ач холбогдолтой юм.