"Төмөр хүн" Тамаваши Б.Мөнх-Оргил 10 давсан хамгийн ахмад бөх болов

ikon.mn · world

Мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээн ёкозүна Оносатогийн ялалтаар өндөрлөлөө. Өнгөрсөн есдүгээр сарын тэмцээнд 12 даваатай түрүүлсэн 26 настай сүмоч эр энэ тэмцээнд 13 даваа, хоёр унаатайгаар Эзэн хааны цомыг долоо дахь удаагаа өргөв. Эхний өдрөө л Ёшинофүжид өвдөг шороодсон ч ес дараалан ялсныхаа дараа Атамифүжид унасан. Улмаар ижил амжилт үзүүлсэн Вакамотохарүтай нэмэлт барилдаан хийсний эцэст түрүүлсэн юм. Макүүчи буюу дээд зиндаанд есөн монгол сүмоч зодоглосон бөгөөд тэднээс найм нь 50 хувийн амжилтаа үзүүлэв. Бэртлийн улмаас хоёр тэмцээн өнжөөд эргэн ирсэн ёкозүна Хоошёорюү эхний есөн өдрийн дараа дөрвөн даваатай болсон ч таван өдөр дараалж ялснаар энэ тэмцээнийг 9:6 амжилтаар үдлээ. Дээд зиндаанд эргэн ирсэн Тамаваши Б.Мөнх-Оргил 42 насандаа 10 даваа авсан хамгийн ахмад бөх болов. Тэр мөн зургаа дахь тусгай шагнал буюу дайчин барилдааны шагналын эзнээр тодорсон юм. Тэрбээр гарамгай барилдааны шагналыг гурав, дайчин барилдааны шагналыг хоёр, техниктэй бөхийн шагналын нэг удаа хүртэж байв. Тамаваши Б.Мөнх-Оргил замналынхаа турш 926 ялсан үзүүлэлтээр Кёкүтенхо Н.Цэвэгнямын ард долдугаарт бичигдэж байна. Ирэх тэмцээнд хоёр ялахад түүний урд орох боломжтой. Мөн дээд зиндаанд 724 ялсан юм. Үүгээр ч зогсохгүй дээд зиндаанд 1,512 барилдсан өөрийн рекордоо ахиулав.

Read full article → Compare