Voyager-1 хэмээх сансрын станц, түүний хосгүй амжилт
The Voyager-1 spacecraft is cited for a unique achievement. Space science is keenly interested in whether other intelligent civilizations exist and whether contact with them can be established. A key goal of the James Webb telescope, launched on December 25, 2022, is to search for other intelligent civilizations.
Сансар судлалын нэн сонирхолтой эрэл хайгуул нь өөр оюун ухаант соёл иргэншил оршин байх магадлал, тэдгээртэй холбоо тогтоох боломжийн тухай асуудал байдаг. 2022 оны арванхоёрдугаар сарын 25-нд хөөргөсөн Жеймс Вэбб хэмээх шинэ үеийн дижитал хүчирхэг дуран авайн нэг чухал зорилт нь өөр оюун ухаант соёл иргэншлийг эрэн хайх явдал юм. Эволюци хөгжлийн зүй тогтол гэдэг нь аливаа юмс, үзэгдэл нэг хэвэндээ царцанги оршихгүй, харин тасралтгүй хувьсан өөрчлөгдөж, хөгжсөөр амьгүйгээс амьд материйн хэлбэрт, амьд материас оюун ухаант сэтгэдэг материйн дээд хэлбэрт шилжин хөгжих боломжтой гэсэн байгалийн шинжлэлийн бодит үйл явц, физикийн шинжлэх ухаанд суурилсан философийн шинжлэх ухааны учирзүйн гаргалгаа юм. Дижитал технологийн үсрэнгүй дэвшил амьдрал бүхий өөр ухаант соёл иргэншилтэй холбоо тогтоох боломж олгох өндөр магадлалтай байна. Эдүгээ дэлхий дээрх бидний амьдралыг үүсгэсэн гол түүхий эд болох органик нэгдлүүд сансрын хязгааргүй уудам орон зайд үлэмж элбэг болох нь НАСА-гийн сүүлийн үеийн судалгаагаар нэгэнт тогтоогджээ. Сансрын Kapler дуран дэлхийтэй төстэй өөр гариг, эрхэс цаашилбал харь соёл иргэншлийн судалгааг дагнан хийж байгаа билээ. Сүүлийн үеийн судалгааны урьдчилсан дүгнэлтээр зөвхөн манай Сүүн зам галактикт гэхэд л ойролцоогоор манай нарны аймаг, дэлхийтэй төстэй хэдэн тэрбум гариг эрхэс байгаа ажээ. АНУ-ын НАСA Нарны аймгаас гаднах орчлон ертөнцийг тандах зорилготойгоор бүр 1977 оны долдугаар сард Voyager-2, есдүгээр сард Voyager-1 сансрын ихэр станцыг хөөргөсөн билээ. Тус сансрын хос станц харь оюун ухаант соёл иргэншилтэй учрах тохиолдолд тэд манай Нарны аймаг, Дэлхий, хүн төрөлхтний талаар иж бүрэн мэдээлэл авах боломжтой мэндчилгээ, зураг, дуу бүхий 30 см диаметрийн алтан пянзыг дээрх станцад суурилуулсан юм. Эдгээр нь урьд өмнө 1972-1973 онуудад хөөргөсөн Pioneer-10, 11 аппаратууд мөн ижил зорилгоор байрлуулсан зурган мэдээллээс илүү их багтаамжтай мэдээллийг агуулжээ. Хос станцууд дээр алтан пянзыг суурилуулсан байдаг. Алтан пянзыг зэсээр хийж, алтаар бүрсэн нь чанараа алдахгүйтэй холбоотой байв. Пянзын доторх хөнгөн цагаан бөгөөд уран-238-ын нимгэн үеэр бүрсэн байна. Уран-238-ын хагас задралын үе нь 4.468 тэрбум жил болох учир пянзыг олсон харь гаригийнхан насыг нь тодорхойлох боломжтойгоор зохиогдсон байх бөгөөд 895 сая ам. долларын өртгөөр бүтээгджээ. Алтан пянзыг Voyager-1 болон Voyager-2 ихэр станцуудын аль алин дээр нь суурилуулсан бөгөөд пянзны гадна тал дээр түүнийг хэрхэн тоглуулах заавар болон нарны аймгийн байршлыг заасан схем зургийг сийлжээ. Voyager-2 сансрын станц Нарны аймгаас гарахаасаа өмнө Бархасбадь гаригийг 1979 оны долдугаар сард, Санчир гаригийг 1981 оны наймдугаар сард, Тэнгэрийн ванг 1986 оны нэгдүгээр сард, Далайн ван гарагт 1989 оны наймдугаар сард хажуугаар нь өнгөрч өнгөт гэрэл зургийг нь авч анх удаа дэлхийд илгээсэн цорын ганц сансрын хөлөг юм. 1989 оны арванхоёрдугаар сарын 31-нд Нарны аймгийг судлах үндсэн ажиллагаа дуусаж, эндээс Нарны аймгийн гаднах сансрын уудмыг судлах ажил эхэлж, одоогоор 49 жил ажиллаж мэдээллээ үе үе илгээсээр байгаа юм. The Astrophysical Journal Letters-д нийтлэгдсэн илтгэлд тэмдэглэснээр Voyager хос станц Нарнаас 108 астрономийн нэгж зайд буюу нарны аймгийн гадна талд асар хуртайгаар нисэж буй дэлхийгээс хамгийн алсад буй хүний гараар бүтээгдсэн биетүүдийн нэг болж байна. 2023 оны наймдугаар сарын эхээр Voyager-2 станц хэвийн ажиллаж байгааг батлах “зүрхний цохилт”-ыг дэлхий дээрх болон тойрог зам дахь олон улсын телескопуудын тусламжтай бүртгэж чадсанаа НАСА мэдээлж байв. Корнеллын их сургуулийн астрофизикч профессор Карл Саганы саналаар алтан пянзанд дэлхийн гайхамшигт байгаль, хүн төрөлхтний баялаг соёлын өв болон шинжлэх ухааны ололт амжилтыг харуулсан 115 зураг, 55 хэл дээрх мэндчилгээ, олон төрлийн дуу чимээ, тухайлбал, шувуу, далайн халимын дуу авиа, тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Жимми Картер, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Курт Вальдхаймын мэндчилгээ болон АНУ-ын зохиолч продюсер Энн Друяны тархины бичлэгийг багтаасан байна. Voyager-1 сансрын аппарат болон Алтан пянз Хүн төрөлхтний мэндчилгээнд, Пянзны эхэнд шумер болон эртний грек зэрэг мөхсөн хэлнээс эхсүүлээд дэлхийн 55 хэл, эсперанто хэлийг оролцуулан “Сайн байна уу?” гэсэн таван минутын мэндчилгээ бичигджээ. Мэндчилгээний дараа дэлхийн дуу чимээ хэмээх хэсэгт галт уулын дэлбэрэлт, аянга цахилгаан, салхи, аадар бороо, долгион зэрэг байгалийн үзэгдлийн дуу чимээ, шувууны жиргэх, хонь, ямааны майлах, морь янцгаах, нохойн хуцах, халимын исгэрэх, мэлхий, сармагчин, заан зэрэг ан амьтны дуу, хүүхдийн уйлах, эх, хүүхдийн үнсэлт, Карл Саганы зүрхний лугшилт зэрэг хүний дуу авиа, галт тэрэг, трактор, автобус, авто машин, “Аppolo-15” багийн “Saturn V” сансрын хөлөг, F-111 байлдааны сөнөөгч онгоц, цахилгаан морзын код зэрэг хүн төрөлхтний ололт амжилтын дууг багтаажээ. Дуу чимээний дараа дуу хөгжмийн хэсэгт: германы нэрт хөгжмийн зохиолч Иоханн Себастьян Бахын хийл хөгжимд зориулсан соло-3, Бранденбург концерт-2, Вольфганг А. Моцартын “Шидэт лимбэ” дуурийн II үзэгдлийн Эмануэль Шиканедерийн ари, Людвиг ван Бетховены 5 дугаар симфони зэрэг хөгжмийн зохиолчдын сор бүтээлээс эхлээд олон үндэстний язгуур урлагийн дуу, дуурь, ардын дуу, “Ариун хавар” балетын хөгжим, хамтлаг рок-н-ролл, эртний хятадын Бо Яа хөгжмийн зохиолчийн ятгын аялгуу зэрэг 90 минутын түүвэр бичлэг оржээ. Карл Саганы саналаар Алдарт «The Beatles» хамтлагийн 1969 онд гаргасан Abbe Road цомогт орсон “Here Сomes the Sun” дууг оруулсан байсан боловч харамсалтай нь Британийн дуу бичлэгийн EMI transnational группийн эсэргүүцлээр хасагдсан байна. Гэрэл зураг дээр: манай нарны аймгийн газрын зураг, эх дэлхийн бүтэц, Буд, Ангараг, Бархасбадь гариг, математикийн тоо, физикийн нэгж, химийн элемент, сансраас авсан Египетийн газар нутаг, Улаан тэнгис, Синайн хойг, Нил мөрнийн гэрэл зураг, гол, мөрөн, далай тэнгис, түүний доорх амьдрал, ан амьтан, эх газар, элсэн цөл, ой мод, уул, ургамал, цэцэг, навчис, шүрэн арал, болон хүний анатоми физиологийн бүтэц, бэлгийн амьдрал, хүний амьдралын код болох ДНХ, эсийн бүтэц, төрөлт, гэр бүл, амьдрал, глобус, Пирамид, Таж Махал, Цагаан хэрэм, Нью-Йорк дахь НҮБ-ын Төв байр, орчин үеийн хот, хувийн орон сууц, музей, үйлдвэр, хоолны газар, хүнсний дэлгүүр, рентген туяа, микроскоп, сансрын радио телескоп дуран авай, өнгөний ялгарал, галт тэрэг, нисэх онгоц, Калифорнийн алдарт гүүр, Антарктид тив, Исаак Ньютоны “Байгалийн философийн математик зарчмууд” бүтээл, задгай сансарт буй нисгэгч, Titan III-Centaur сансрын станцын хөөрөлт, хийл хөгжим, ноот зэргийг харуулсан нийт 115 өнгөт болон хар, цагаан гэрэл зурган мэдээлэл дурдсан пянзанд орсон байна. Voyager-1 НАСА-гийн тооцоолсноор АНУ-ын Зүүн эргийн цагаар 2026 оны арваннэгдүгээр сарын 18-ны Лхагва гаригийн 05:16 цагт, харин Улаанбаатарын цагаар Лхагва гарагийн 18:16:07 цагт Дэлхийгээс гэрлийн 1 өдрийн зайд хүрсэн байна. Гэрлийн өдөр гэдэг нь 24 цагийн дотор гэрлийн туулах зай бөгөөд энэхүү зай нь ойролцоогоор 25.9 тэрбум км ажээ. 1977 оны есдүгээр сарын 5-нд хөөрсөн Voyager-1 хөлөг уг зайд хүрэхийн тулд 49 жил, 2 сар, 11 хоног тасралтгүй нисжээ. Voyager-1 станц Дэлхийгээс ойролцоогоор 6 тэрбум км (40 одон орны нэгж) зайд хүрээд байх үед Корнеллын их сургуулийн Астрофизикч профессор Карл Саганы санаачилгаар Voyager-1 станцын камерыг эх Дэлхийн зүгт чиглүүлж 1990 оны хоёрдугаар сарын 14-нд “Цайварлан цэнхэртэх цэг” (Pale Blue Dot) хэмээх алдартай эх Дэлхийн гэрэл зургийг авсан юм. Энэ үед Voyager-1 Далай ван (Neptune) гаригийн тойрог замыг хэдийн өнгөрч, Нарны аймгийн зах хязгаар буюу Кайперын бүсийн (Kuiper Belt) орчимд явж байжээ. Энэ нь Дэлхийгээс Нар хүртэлх зайнаас 40 дахин хол зай байжээ. Карл Саган энэ үйл явдлаас сэдэвлэн 1994 оны арваннэгдүгээр сард “Pale Blue Dot: A Vision of the Human Future in Space” буюу “Цайварлан цэнхэртэх цэг: Сансар огторгуй дахь хүн төрөлхтний ирээдүйн Алсын хараа” хэмээх алдарт бүтээлээ хэвлүүлсэн юм. Voyager-1, 2 сансарт аялаж байх үед төслийн дүрс бичлэгийн багийн гишүүн байсан Карл Саган тэрбээр станцын камерыг эргүүлж Дэлхийн зургийг авах санааг анх 1981 онд гаргажээ. Гэвч НАСА-гийн инженерүүд Нар руу дуран чиглүүлбэл хөлгийн эмзэг мэдрэгчүүд шатах эрсдэлтэй, мөн шинжлэх ухааны өндөр ач холбогдолгүй гэж үзээд олон жил татгалзаж байжээ. Карл Саган бууж өгөлгүй НАСА-гийн удирдлагуудад хандсаар 1989 онд тухайн үеийн гүйцэтгэх захирал Ричард Трулигийн зөвшөөрлийг авч чаджээ. Чингэж 1990 оны хоёрдугаар сарын 14-нд станцын камерыг эрчим хүч хэмнэх зорилгоор үүрд унтраахаас ердөө 34 минутын өмнө Нарны аймгийн “гэр бүлийн хөрөг” болох 60 ширхэг зургийн хамт Дэлхий хэмээх манай гаригийн зургийг буулгаж авчээ. Карл Саган 1994 онд хэвлүүлсэн бүтээлдээ сайхь зургийг тайлбарлахдаа дэлхий дахинд алдаршсан эшлэлээ бичсэн байдаг: “Тэр цэгийг дахиад нэг хар даа. Тэр бол энд. Тэр бол гэр. Тэр бол бид... Таны хайрладаг хүн бүр, таньдаг хүн бүр, сураг сонссон хүн бүр, оршин байсан хүн төрөлхтөн тэр чигтээ нарны туяанд тогтсон тоосны ширхэг дээр амьдралаа өнгөрүүлсэн юм”. Тэрбээр энэ зургаар дамжуулан хүн төрөлхтөн бид асар уудам орчлон ертөнцөд ямар өчүүхэн, эмзэг оршихуй болохыг харуулж, цорын ганц гэр болсон Дэлхийгээ хайрлан хамгаалж, бие биедээ илүү энэрэнгүй хандах ёстой гэсэн гүн ухааны санааг дэвшүүлсэн юм. Хүн төрөлхтний амьдран буй дэлхий хэмээх тэрхүү бяцхан гариг бол хязгааргүй огторгуйн уудмын гүн харанхуйн дунд сүүмэлзэх төдий “цайварлан цэнхэртэх цэг” юм. Шүүмжлэл бүхий ноцтой анхаарах асуудал байдаг. Пессимист буюу гутрангуй үзлээр сансар огторгуйн хязгааргүй уудмын хаа нэгтээ өөр оюун ухаант соёл иргэншил оршин байж, тэд биднээс хэдэн үе илүү хөгжсөн байж болох юм. Чингэхэд өөр оюун ухаант үлэмж хөгжсөн соёл иргэншил бүхий тэднийг төлөв даруу зантай байна гэдгийг яаж нотлох вэ? Ийм тохиолдолд тэдгээртэй холбоо тогтоох нь «дэлхийн тусгаар тогтнол»-ын асуудлыг хөнддөг. Учир нь илүү хөгжилтэй нь бусдыгаа түрэмгийлэн эзэлж байсан дэлхийн түүхийн сургамж буй хэмээн тайлбарлах ажгуу. Харин оптимист буюу өөдрөг үзэлтнүүд хувьсан хөгжих тусам өндөр ёс суртахуунтай, энэрэнгүй болж төлөвшин хөгждөг тухай өөр нэг үзэл бүхий хүн төрөлхтний бас нэг түүхийн нотолгоог эш үндэс болгодог. Гэрлийн хурд, орон зай, цаг хугацаа, таталцлын хүч, эрчим хүчний шавхагдашгүй эх сурвалжийг бүрэн эрхшээж, цаг уурыг жолоодох тэр үед бидний үр сад хүн төрөлхтний өөр нэг ахан дүүстэйгээ сайн хөршийн найрсаг холбоог нүүр бардам тогтоож болох ажгуу. Нисдэг үл мэдэгдэх биетийн (UFO) талаар олон янзын мэдээллүүд байдаг. Эртний Египетийн Пирамид доторх болон түүхийн дурсгалууд, хадны сүг зураг дээр UFO-гийн олон янз дүрслэлүүд тод томруун үлдсэн байдгаас гадна бодит баримтуудын бичлэгийг ч Пентагон нууцын зэрэглэлээс гаргасан билээ. Хэрэв зэ тэдгээр баримтууд үнэнд ойрхон бол тэд нэгд, газрын татах хүчнээс огт хамаарахгүйгээр нисч байж магадгүй. Өөрөөр хэлбэл, таталцлын хүчийг бүрэн шийдвэрлэж чадсан байх магадлалтай. Хоёрт, хязгааргүй эрчим хүчний эх үүсвэр ашиглаж байж магадгүй, Өөрөөр хэлбэл, Нарны эрчим хүчийг 100-гаас дээш хувиар ашиглаж байж магадгүй. Гуравт, гэрлийн хурдыг эзэмшдэг байж магадгүй. Дээрх гурвыг бүрэн шийдвэрлэж, ашиглаж байгаа бол орон зай, цаг хугацааг удирдаж байж магадгүй гэсэн сэтгэгдэл төрдөг. Дөрөвт, нисгэгчгүй нисдэг биет байж магадгүй гэсэн төсөөлөл байдаг. Хэрэв орчлон ертөнцийг ажиглах, танин мэдэх, хувьсган өөрчлөх оюун ухаан, ухамсарт амьдрал байхгүй бол ертөнц хэдий аугаа байгаад хэнд ч хэрэггүй, “утгагүй” хоосон орон зай болох байсан болов уу. Бид байгаа учраас л ертөнц үзэсгэлэнтэй, аугаа, бас “утга учиртай” болж байгаа билээ. Физикийн хуулиар бүх зүйл замхрах, эмх замбараагүй болох (энтропи нэмэгдэх) чиглэлтэй байдаг. Харин ухамсар бол эмх замбараагүй байдлаас “эмх цэгц” бүтээдэг, мэдээллийг боловсруулдаг цорын ганц хүч юм. Магадгүй бидний үүрэг бол ертөнцийн тэрхүү “замхрах” үйл явцыг ухамсраараа тогтоон барих байж болох юм. Бид хэдий чинээ хөгжиж, квант компьютер болон Жеймс Вэбб шиг технологиор ертөнцийн нууцыг тайлна, төдий чинээ бидэнд оногдсон “үүрэг” тодорхой болох болов уу. Магадгүй бид ертөнцийг зөвхөн ажиглаад зогсохгүй, үүнийг “засах” эсвэл “өөрчлөх” үүрэгтэй байж мэднэ. “Бид ямагт урагшлах ёстой” гэдэг нь магадгүй бидэнд өгөгдсөн тэрхүү нууцлаг үүргийг биелүүлэх цорын ганц зам байх болов уу. НАСА байгуулагдсаны 50 жил, Beatles хамтлагийн «Across the Universe» (Сансар огторгуйг хөндлөн гулд туулсан нь) дуу зохиогдсоны 40 жилийн ойн ёслолын хүндэтгэлийн арга хэмжээг тохиолдуулан 2008 оны хоёрдугаар сарын 4-нд сансрын цагаар [Coordinated Universal Time] шөнийн 00:00 цагт Beatles хамтлагийн ахлагч Жон Ленноны дуулсан дээрх дууг дэлхийгээс 434 гэрлийн жилийн зайд орших Бага Долоон бурхан оддын ордын (constellation Alpha Ursae minoris) Polaris одны зүгт дамжуулсан юм. Анх удаа сансрын энэхүү дуун мессежийг Испанийн нийслэл Мадридын ойролцоо байрлах НАСА-гийн «Сансрын уудмын гүний холбооны цогцолбор» дахь 70 метрийн антеннаар “Х” долгионы үелзлээр дамжуулжээ. Дууг дамжуулах үед Пол МакКартни, Жон Ленноны гэргий Ёоко Оно болон “Apple Inc.,”-ийн төлөөлөгчид байлцжээ. Энэ бол хүн төрөлхтний сайн санааны илгээмжийн сайхан жишээ мөн билээ. Алдарт Вeatles хамтлагийн“Across the Universe” дууг сансрын уудамд дамжуулж байгаа нь. Мадридын ойролцоо, Испани 2008.02.04 Voyager-1 сансрын станц өөрийн аяллын явцад түүхэн амжилт тогтоосноос гадна энэ нь хүн төрөлхтний хосгүй амжилт болон тэмдэглэн үлдэж байна. Хэмжиж үл чадах хязгааргүй уудам орчлон ертөнцөд дасан зохицохуйн хамгийн шилдэг хувьсал бол оюун ухаантай байх явдал ажээ. Иймээс эрт, орой хэзээ нэгэн цагт оюун ухаан орчлонгийн хаа нэгтээ гарцаагүй үүсэх л байжээ. Хүн төрөлхтөн үүсэх нь хэн нэгэнд магадгүй бурханд хэрэгтэй байсан бөгөөд тиймээс бид ямар нэг тодорхой үүрэгтэй байж магадгүй юм. Бид бүгд дайн дажин, санал зөрөлдөөнөө зогсоож, энх тайвнаар зэрэгцэн орших цаг дор Дэлхий хэмээх энэхүү цэнхэр бяцхан гариг, соёл иргэншлээ хайрлан хамгаалж, хүн төрөлхтөн урагшлан хөгжих ёстой ажгуу.