Японд жилийн орлого нь 100 сая иенийг давдаг хүмүүсийн тоо арван жилийн дотор хоёр дахин нэмэгджээ

ikon.mn · world

Kyodo News агентлагийн хийсэн шинжилгээгээр 2024 онд жилд 100 сая иен ($630,000) буюу түүнээс дээш орлого олдог хүмүүсийн тоо 38,000-д хүрсэн нь арван жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт болжээ. Энэхүү өсөлтөд хувьцаа болон үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт, мөн удирдах албан тушаалтнуудын цалин хөлсний нэмэгдэл нөлөөлсөн байна. Дундаж орлоготой иргэдийн амьжиргааны түвшинд дорвитой өөрчлөлт гараагүй байхад ийнхүү өндөр орлоготой хүмүүсийн тоо 2.19 дахин өссөн нь анхаарал татаж байна. Татварын шинэчлэлийн талаар хэлэлцүүлэг идэвхжиж буй энэ үед Япон улс өндөр орлоготой иргэдэд ногдуулах татварын тогтолцоогоо хэрхэн, ямар байдлаар өөрчлөх вэ гэдэг асуудал чухал сэдэв болж байгаа. 2014 онд жилд 100 сая иен ба түүнээс дээш орлоготой хүмүүсийн тоо 17,348 байжээ. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд, ялангуяа COVID-19 цар тахлын сөрөг нөлөөлөл буурч эхэлснээс хойш Японд ийм орлоготой хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн байна. Kyodo News агентлагийн судалгаагаар чинээлэг иргэд Токио болон түүний эргэн тойрны бүс нутагт төвлөрсөн нь тогтоогджээ. Тодруулбал 38,000 хүний ​​60 орчим хувь буюу 22,117 нь Токио, Чиба, Сайтама, Канагава мужуудад амьдарч байна. Бүс нутгуудын хооронд эдийн засгийн ялгаа их хэвээр байгаа нь судалгаанаас харагджээ. Тухайлбал Токиод 100,000 оршин суугч тутамд 100 сая иен ба түүнээс дээш орлоготой 100 гаруй хүн ногдож байхад, Японы зүүн хойд хэсэгт орших Акита зэрэг зарим мужид энэ тоо 10-аас бага байна. Kyodo News агентлаг нь Японы үндэсний татварын газраас гаргасан жилийн эцсийн тайлан мэдээлэлд үндэслэн энэхүү судалгааг хийжээ. Япон улс одоо чинээлэг иргэдэд ногдуулах татварын хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд 2027 оны санхүүгийн жилээс эхлэн жилд 600 сая иен ба түүнээс дээш орлого олдог хүмүүсийн татварын ачаалал нэмэгдэх төлөвтэй байгаа. Засгийн газраас иргэдийг хувьцаа болон бусад санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар мөнгөө эргэлтэд оруулахыг уриалж буй энэ үед санхүүгийн орлогод ногдуулах татварыг нэмэгдүүлэх нь зохимжтой эсэхэд үнэт цаасны салбарын зарим төлөөлөл эргэлзэж байгаагаа илэрхийлжээ. Эх сурвалж: Kyodo News

Read full article → Compare