Өмнөд Солонгост шалгалтын үеэр хуулбал авсан оноогоо тэглүүлж, 10 жилийн хугацаанд дахин өгөх эрхгүй болно

ikon.mn · world

Өмнөд Солонгосын шалгалтын тогтолцоонд хиймэл оюун ухаан (AI) ашиглан хууран мэхлэх явдал гарах вий гэсэн болгоомжлол нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсын засгийн газар мэргэшлийн улсын шалгалтад ийм үйлдэл гаргаад баригдсан хүмүүст оноох шийтгэлийг эрс нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал ийм зөрчил гаргасан хүмүүсийн дахин шалгалт өгөх хоригийн хугацааг 3 жилээс 10 жил болгон сунгаж, мөн хорих ялын дээд хэмжээг одоогийнхоос хоёр дахин урт буюу 5 жил болгон нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Тус улсын Хөдөлмөр, Ажил эрхлэлтийн яам Мягмар гарагт дээрх арга хэмжээнүүдийг зарлажээ. Сүүлийн үед мэргэшлийн улсын шалгалтуудад хэт өндөр оноо авсан тохиолдлууд олширч, ухаалаг нүдний шил, бичил камер, өөрчилж тохируулсан тооны машин зэрэг нарийн технологи ашиглан хууран мэхлэх арга замууд улам боловсронгуй болсон нь нийгмийн тулгамдсан асуудал болоод байгаа юм. Шалгалтын дүнд олон нийтийн итгэх итгэлийг сэргээхийн тулд тус яамнаас хамгийн өндөр оноо авсан хоёр оролцогчийн оноог, мөн шалгалтын дундаж оноо болон хичээл тус бүрийн онооны тархалтын мэдээллийг олон нийтэд ил болгохоор болжээ. Мэргэшлийн улсын шалгалтад ухаалаг нүдний шил ашиглан хууран мэхэлсэн анхны тохиолдол тавдугаар сард илэрсэн бол үүний дараа татварын мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтын үеэр бичил камер, өөрчилж тохируулсан тооны машин ашигласан тохиолдлууд бүртгэгдсэн байна. Засгийн газар үүнтэй холбоотойгоор хяналтыг чангатгаж эхэлсэн бөгөөд үүнд цахим төхөөрөмжийн шалгалтыг илүү хатуу болгох, хяналт тавигчдын тоог нэмэгдүүлэх, Bluetooth дохио илрүүлэх техник ашиглах зэрэг арга хэмжээнүүд багтжээ. Эдгээр арга хэмжээнүүдийг хамгийн түрүүнд Бямба гарагт болсон аюулгүй байдлын сургагч багшийн мэргэшлийн шалгалтын үеэр хэрэгжүүлсэн бөгөөд 11,554 оролцогчоос 6 зөрчил илэрсэн юм. Зөрчлүүдийн дунд таблет компьютер, ухаалаг цаг авч орсон, мөн гар утсаа унтраагаагүй байсан тохиолдлууд багтсан байна. Чангатгасан журмын дагуу хянагчид шалгалтын өмнө оролцогчдын бүх цахим төхөөрөмжийг унтраасан эсэхийг шалгаж, хураан авах бөгөөд шалгалтын үеэр санамсаргүй түүврийн аргаар сонгосон оролцогчдын утас руу залгаж шалгадаг болжээ. Шалгалтын аюулгүй байдлыг чангатгахаас гадна эрх баригчид оролцогчдын ур чадварыг илүү сайн үнэлэхийн тулд практик болон ярилцлагад суурилсан үнэлгээг өргөжүүлэх замаар шалгалтын тогтолцоог шинэчлэхээр төлөвлөж байна. Энэ асуудал улсын хэмжээний мэргэшлийн шалгалтууд, их сургуулийн элсэлтийн шалгалтаас хальж, ахлах сургуулийн анги танхимд хүртэл нөлөөлөх болжээ. Өмнөд Солонгосын боловсролын яам ухаалаг төхөөрөмж ашиглан хуурсан сурагчид зөвхөн баригдсан хичээлээсээ бус харин тухайн өдөр шалгалт өгсөн бүх хичээлээс авсан оноогоо тэглүүлдэг болж буйг мэдэгджээ. Мөн сахилгын арга хэмжээг чангатгаж, хиймэл оюун ухааны тусламжтайгаар хуурсан тохиолдолд сургуулиас хөөх хүртэл шийтгэл оноохыг сургуулиудад зөвлөсөн байна. Энэ жилийн ахлах сургуулийн төгсөлтийн шалгалтаас эхлэн сурагчдыг нууц камер ашиглахаас сэргийлж, товчлуургүй хувцас өмсөхийг шаардах эсвэл товчнуудыг наалтаар хаах арга хэмжээг зөвлөжээ. Шалгалтын өмнө хянагчид сурагчдын нүдний шил, хувцсыг шалгаж, электрон төхөөрөмжүүдийг цуглуулж, шалгалтын өрөөнөөс алслагдсан газарт хадгалах, далд төхөөрөмжийг илрүүлэхийн тулд металл илрүүлэгч ашиглахаар болсон байна. Мөн сургуулиуд шалгалтын үеэр Wi-Fi сүлжээгээ унтраах бол хяналтын ажилтнууд Wi-Fi болон Bluetooth холболтын сэжигтэй үйл ажиллагааг илрүүлэх техник хэрэглэхээр болжээ. Эх сурвалж: Korea Times

Read full article → Compare