"Гацуурт" компанийн захирал Л.Чинбатын адуу дайрсан үйлдлийг гэмт хэрэг биш гэж үзэн, ₮100 мянгаар торгожээ
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд өнгөрсөн есдүгээр сарын 1-ний өдөр "Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбат зам дээр зургаан адуу дайрсан осол гаргасан. Тэрбээр Зэлтэрээс Цагааннуур чиглэлийн төв замд "Toyota Land-300" маркийн автомашин жолоодож явсан бөгөөд засмал замаар гарч явсан адуунаас зургааг нь дайрсан юм. Уг хэргийг талаар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тодруулахад "Хэрэг үүсгэн шалгах явцад прокуророос гэмт хэргийн шинжгүй, зөрчлийн шинжтэй үйлдэл гэж дүгнэсэн. Эрх бүхий албан тушаалтнаас Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100 мянган төгрөгөөр торгож шийдвэрлэсэн" гэх хариултыг өгөв.