"Хаана ч аюулгүй" уриан дор жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян эхэллээ

ikon.mn · world

Хууль зүйн байнгын хороо, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооноос Жендэрийн үндэсний хороотой хамтран өнөөдөр “Их эзэн Чингис хаан” танхимд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь: Хэн ч, хаана ч аюулгүй амьдрах эрхтэй” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газар, Элчин сайдын яамд, Олон улсын хөгжлийн түншлэгч, донор байгууллагууд, Жендэрийн үндэсний хорооны гишүүд, холбогдох яам, төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцов. Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, хүчирхийлэл бол зөвхөн нэг хүний, нэг гэр бүлийн асуудал биш. Энэ бол хүний эрх, эрх чөлөө, амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийгмийн шударга ёстой шууд холбоотой асуудал юм. Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд дэвшүүлж буй “Бодит ба цахим орчинд шударга ёсыг хангаж, хохирогчдыг хамгаалж, ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэе” гэсэн уриа нь өнөөгийн нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлыг тодорхой илэрхийлж байна. Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг зөвхөн хууль батлах хүрээнд бус хуулийн хэрэгжилт, төрийн байгууллагуудын хариуцлага, хохирогчийн эрхийн бодит хамгаалалт гэсэн хүрээнд авч үзэх шаардлагатай гэж дүгнэж байна гэлээ. Тэрбээр Улсын Их Хурлаас Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баталсан. Эдгээр хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор авах арга хэмжээний тухай 55 дугаар тогтоолыг мөн баталсан. Бид хууль хэрхэн хэрэгжиж, хүүхэд, гэр бүлийн гишүүдийн эрхийг хэрхэн хамгаалж байгааг үр дүнгээр үнэлэх ёстой хэмээн онцлов. Мөн Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Яап Ван Хиердэн, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните нар үг хэлж, аяны хүрээнд шийдэх асуудлын талаар байр сууриа илэрхийллээ. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас анхаарч буй чиглэлийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баатаржав, жендэрт суурилсан хүчирхийллийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Баярбаясгалан, төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны талаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хөтөлбөрийн менежер С.Байгалмаа нар мэдээлэл өгөв. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал, аяны урианы “...ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэе” гэдэгт онцгой анхаарах хэрэгтэй. Аяны хүрээнд ял завшихад нөлөөлж буй шалтгаан юу байна, гэм буруутай этгээд хариуцлага хүлээдэг үү, хохирогчийн эрх ашгийг сэргээсэн үү, хохирлыг барагдуулсан уу гэдэгт төвлөрөх нь зүйтэй. Үр дүн гарах ёстой. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газар өнгөрсөн 3 жилийн орон нутгийн төсөвт дүн шинжилгээ хийгээд ирэх жилийн төсөвт ямар ахиц гаргах вэ гэдэг мэдээллийг өгөөсэй гэж хүсэж байна. Учир нь жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд хамгааллын төсөв орон нутгийн төсөвт тусгагддаг. Цаашид жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо чухал гэв. Хэлэлцүүлэгт оролцогчид, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хүний эрхийн суурь ойлголтыг хүүхдүүдэд багаас нь зааж төлөвшүүлэх, салбар хоорондын уялдааг сайжруулах, зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй эрэгтэйчүүдийг манлайлах, залуустаа үлгэр дуурайлал болох, тэдний зан чанарыг өөрчлөх үйл ажиллагаа явуулах, цахим орчинд хохирогчийн эрхийг хамгаалах, эрчүүдийн сэтгэл зүй зэрэг асуудлыг хөндлөө. Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголтыг түгээх, нэмэгдүүлэх зорилготой “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг дэлхийн 180 гаруй улс 1991 оноос өнөөг хүртэл жил бүрийн жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны өдрүүдэд нэгдмэл зорилго, нэг уриатай тэмдэглэж ирсэн. Аянд Монгол Улс 1997 оноос нэгдсэн бөгөөд энэ жил “Хаана ч аюулгүй” уриан дор зохион байгуулж байна. Харин НҮБ-ын уриа нь “Бодит ба цахим орчинд шударга байдлыг хангаж, хохирогчдыг хамгаалж, ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэе” юм. Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш арга хэмжээг хааж үг хэлэв гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Read full article → Compare