Ө.Батбаяр: Нөмрөгийн дархан цаазат газрын түймэртэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа хуулийн хүрээнд явагдах ёстой

ikon.mn · world

Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийн асуудлаар өмгөөлөгч Ө.Батбаяраас тодруулга авлаа. - Танд энэ өдрийн мэнд хүргэе. - Баярлалаа. Танд өдрийн мэнд хүргэе. - Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэрт Мобиком Корпораци ХХК-ийн нэр холбогдоод байна. Таныг тус компанийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа гэж сонсоод та бүхний байр суурийг уншигчдадаа хүргэхээр ирлээ? - Тийм ээ. Маш харамсалтай явдал болсон. Болсон явдалд бид маш их харамсаж байгаа. Гэхдээ Мобиком Корпораци ХХК-ийн ажилтнууд, Сүмбэр боомтын албан хаагчид болон Хилийн боомтын захиргааны албан хаагчид санаатайгаар гал түймэр тавиагүй нь ойлгомжтой. - Тухайн үед юу болсныг тодорхой хэлж өгөх үү? - Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул хэргийн талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй шүү дээ. Гэхдээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээллүүд их гарч байна. Нэг талыг буруутгасан өрөөсгөл мэдээллүүд ч их явж байна. Мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа тодорхой болно. - Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны удирдлага хохирлыг тогтоосон гэж мэдээлсэн. Яг хэдэн төгрөгийн, ямар хохирол гарсан бэ? - Хохирлын дүнгийн талаар бид албан ёсны мэдэгдэл хүлээн аваагүй байна. Түүнчлэн хохирлын үнэлгээг тогтоохдоо хуулиар тогтоосон процессыг мөрдөөгүй байж болзошгүй гэсэн эргэлзээ байгаа тул тухайн дүнг нягтлах шаардлагатай гэж бодож байна. Хууль сахиулах байгууллагаас хохирлын үнэлгээний талаарх албан ёсны дүгнэлтийг хүлээн авсны дараа мэдээлэлд дурдагдаж буй тоон дүн хуульд нийцсэн эсэхийг нарийвчлан судлах болно гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мөрдөн шалгах ажиллагааны мэдээллийг нийтэд ил болгосоор байгаа бөгөөд энэ нь эрүүгийн процессын хуулийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл юм. Нөгөөтэйгүүр мөрдөн шалгах ажиллагааны нууцыг албаны дагуу олж авсан этгээд нийтэд задруулж байгаа нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Өмгөөлөгчийн хувьд энэ талаар мөрдөх байгууллагад болон прокурорын байгууллагад хүсэлт, гомдлоо гаргасан. Ямар ч байсан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хохирол тогтоогоод хуулийн байгууллагад шилжүүлсэн гэж мэдээлсэн. Гэтэл сайд нь хохирлын дүнг зарлачихлаа. Энэ нь бүхэлдээ хууль бус үйлдэл гэж үзэж байна. Мөн эрүүгийн хэргийг мөрдөн шалгах процессын талаар тодруулбал, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар мөрдөгч нь байгаль орчны хохирлын үнэлгээ хийлгэхээр тусгай мэдлэг бүхий шинжээчийг томилж, дүгнэлт гаргуулах эрхтэй. Харин томилогдсон шинжээч нь хараат бусаар, төвийг сахисан хөндлөнгийн байр сууринаас шинжилгээ хийж, хохирлын үнэлгээг тогтоох учиртай. Харин шинжээчийн дүгнэлтийг олон нийтэд мэдээлэх, шаардлагатай бол зөвхөн хяналт тавьж буй прокуророос олгосон зөвшөөрлийн үндсэн дээр, зөвшөөрсөн хүрээнд нь нийтэд мэдээлэх ёстой. Энэ бол хуульд заасан процесс юм. Дээрх процессыг мөрдөөгүй, хохирлын үнэлгээтэй холбоотойгоор процессоос илт хазайсан байдлаар мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч байна. Энэхүү үйлдлүүд нь хууль зөрчсөн, мөрдөн шалгах ажиллагааны мэдээлэл алдагдсан байж болзошгүй гэсэн эргэлзээг төрүүлж байна. Судалгааны дүгнэлтийг нэгтгэх явцад мэдээлэл тарах, хохирлын үнэлгээний талаар таамаглалууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан. Тухайлбал, 2026 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Сандаг-Очирын TV9-д өгсөн ярилцлагыг дурдаж болно. Бид хууль зөрчсөн байж болзошгүй энэхүү болгоомжлолоо хууль сахиулах байгууллагад бичгээр хүргүүлсэн бөгөөд цаашид ч зөвхөн холбогдох хуулийн процессын дагуу ажиллана. - Яамны гаргасан хохирлын дүн нь албан ёсны, эцсийн хохирлын дүн гэсэн үг үү? - Үгүй, сайд нь бид хохирлоо гаргасан, үүнийгээ Шүүх шинжилгээний ерөнхий газарт хүргүүлсэн гэж мэдэгдээд, хохирлын дүнг олон нийтэд зарлачихлаа. Яам бол хохирол тогтоодог байгууллага биш. Улс төрийн албан тушаалтай сайд хохирлыг тогтоож олон нийтэд мэдээлдэг албан тушаалтан бүр ч биш. Эрүүгийн процессын хуулийг илэрхий зөрчиж, хэрэгт нөлөөлж, хэргийн бодит байдалд нийцэхгүй, хууль зөрчсөн, мэргэжлийн бус, улс төржсөн процесс явагдаж байгаад туйлын харамсалтай байна. Хэрэгт шинжээч томилж шинжилгээний дүнг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй байхад олон нийтэд мэдээлэх эрх сайдад олгогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн талаар олон нийтэд мэдээлэх бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр, прокурорын мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдэж болно” гэж заасны дагуу мэдэгдэл хийх эрх нь мөрдөх байгууллагад л байгаа. Гэтэл сайд өөрийн албаны чиг үүргийн дагуу олж мэдсэн мэдээллээ олон нийтэд түгээх нь хуулийг илт зөрчиж байна. Нөмрөгт болсон галын хохирлыг мэргэжлийн, хөндлөнгийн, хараат бус, бие даасан байдлаар хуульд үндэслэж тогтоох чиг үүрэг Шүүх шинжилгээний ерөнхий газарт л байгаа. Энэ хэрэгт шинжээчээр томилогдон ажиллаж буй Шүүх шинжилгээний ерөнхий газрын албан хаагч нарыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэргэдэх ажлын хэсгийн 2, 3 удаагийн хуралдаанд дуудан оролцуулж, хохирлын дүнг яам урьдчилсан байдлаар гаргаж, үүнийгээ шүүх шинжилгээний байгууллагад хүргүүлнэ, үүнийг зөрүүлэхгүйгээр баталгаажуулна гэж ойлгож байгаа шүү гэх мэтээр үүрэг даалгавар, чиглэл өгч байсан. Энэ дагуу тогтоосон хохирлыг шүүх шинжилгээний байгууллага руу хүргүүлж, түүнийгээ хэвлэл мэдээллийн байгууллагаар нийтэд мэдэгдэж байгаа нь шинжээчийн хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлж, шууд үүрэг даалгавар өгч байгаа үйлдэл юм. Энэ нь хууль зөрчиж байгаа үйлдлээ илэрхий нотолсоор ч байна. Өөрөөр хэлбэл, шүүх шинжилгээний байгууллага хохирлыг тогтоох бус Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны тогтоосон хохирлыг баталгаажуулах үүргийг хүлээгээд байх шиг байна. Хамгийн чухал үр дагавар нь нийгмийн анхаарал, хүлээлтэд байгаа хэрэгт эргэлзээгүй, үнэн бодитой хандах, талуудын тэгш оролцоог хангахгүй байгаа нь нийгмийг талцуулах, эцэс төгсгөлгүй маргаан руу түлхчих вий гэдэгт санаа зовниж байна. Албан ёсны шинжээчийн дүн гараагүй гэдгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд мэдэгдлээ. Гэтэл гараагүй шинжээчийн дүнг яагаад танилцуулж байгаа юм энэ чинь улс төрийн шийдвэр үү, хуулийн байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанд саад учруулсан хөндлөнгөөс нөлөөлсөн хэрэг үү гэдгийг бид холбогдох байгууллагад нь шалгуулна. Шинжээчийн дүгнэлтийг бидний зүгээс хүлээн авсны дараа тооцоолсон дүнг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу зөв тооцоолсон эсэхийг үнэлэх шаардлага үүснэ. Холбогдох хууль, журамд заасны дагуу байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг захиран зарцуулах эрхтэй этгээд нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд байгаа. Хохирлын төлбөрийг захиран зарцуулах эрх бүхий этгээд нь хохирлын дүнг тогтоох шинжээчдээ өөрөө томилоод, хохирлын хэмжээгээ тогтоож байгаа, дээрээс нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчдэд хүртэл заавар, чиглэл өгч байгаа нь шинжээч мэргэжлийн, хөндлөнгийн, хараат бус байна гэсэн зарчмыг шууд зөрчиж байгаа бөгөөд ашиг сонирхлын илэрхий зөрчил энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үүссэн. Иймд энэ хэрэгт ажиллаж байгаа шинжээч нарыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу ажиллаж чадахгүй байна гэж үзэж байгаа. Ийм илэрхий хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж, хөндлөнгийн нөлөөнд автаж, яамны гаргасан дүгнэлтийг бүхэлд нь Шүүхийн шинжилгээний байгууллага баталгаажуулаад гаргаад ирвэл гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй учраас гомдол гаргана. - Танайх хохирлоо төлөхгүй гэсэн байр суурьтай байгаа юм уу? - Үгүй. Мэдээж хууль ёсны дагуу хараат бус хөндлөнгийн шинжээчийн зөв тооцоолж гаргасан бодит үнэлгээг үндэслэн хариуцлага хүлээнэ. Цаашид ч нөхөн сэргээх арга хэмжээ авна гэдгээ Мобиком компанийн удирдлага олон нийтэд мэдэгдэл хийсэн. Бидний хүсэж байгаа зүйл бол хохирлыг зөвхөн хуулийн дагуу бодитоор тогтоох явдал юм. Энэ асуудлаар хэн ч ашиг хонжоо хайх ёсгүй. Бүр цаашлаад яривал энэ албан тушаалтнууд шинжээчид хөндлөнгөөс нөлөөлсөн, албан тушаалын байдлаа ашигласан, түүгээрээ дамжуулж өөртөө давуу байдал бий болгох гэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хүртэл харагдаж байгаа. Хохирол гэдэг бол бодитой байх ёстой бөгөөд тухайн шатсан талбай бүс нутагт нөхөн сэргээхэд л зориулагдах ёстой. Бид хуулийн дагуу процесс явагдаж байна гэж өнгөрсөн хугацаанд анхааралтай ажиглаж хүлээцтэй хандсаар ирсэн. Гэтэл хохирогч байгууллага хэт улс төржүүлж, олон нийтэд таалагдах, улс төрийн PR болгож, улс төрийн нөлөөлөл дотор хуулийн процесс явагдах ямар ч боломжгүй болгож байгаа тул нөхцөл байдлыг олон нийтэд үнэн зөв, бодитоор хүргэх шаардлагатай байна. - Нөмрөгийн дархан цаазат газар бараг бүхэлдээ шатчихлаа. Урьд өмнө ийм том түймэр гарч байгаагүй учраас одоо хохирол төлбөр мэдээж өндөр тогтоогдох байх. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ? - Ер нь бол Нөмрөгийн дархан цаазат газарт анх удаа ой, хээрийн түймэр гарч байгаа тохиолдол биш юм. Өмнө нь 2022 болон 2023 онуудад саяын гарсан ой, хээрийн түймэртэй ижил шахуу цар хүрээтэй газар нутгийг хамарсан түймэр гарсан байдаг. Тус 2023 оны ой, хээрийн түймрийн улмаас Нөмрөгийн дархан цаазат газарт 447,000 га талбай шатсан бөгөөд хохирлын үнэлгээ 3,6 тэрбум төгрөгөөр тогтоогдож байсныг Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны өөрийнх нь албан ёсны цахим хуудаст 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нийтэлж байсан. Харин 2026 оны түймрийн улмаас Нөмрөгийн дархан цаазат газарт 448,994 га талбай шатсан бөгөөд тус түймрийн тархац, хамрах хүрээг ikon.mn вэбсайтын хиймэл дагуулын зургуудаас харьцуулан харахад Нөмрөгийн дархан цаазат газрын 2023 болон 2026 оны гал түймрүүдийн улмаас шатсан талбай нь 70 гаруй хувиар давхцаж байна. Тиймээс 2023 оны түймэрт холбогдох этгээдийг олж тогтоосон эсэх, байгаль орчин хэр хэмжээгээр нөхөн сэргэсэн зэргийг мөн харгалзах нь зөв гэж үзэж байна. Мөн сүүлийн 20 жилд 1,000 км²-ээс том 32 түймрийн 24 нь Дорнод аймагт гарсан гэх мэдээлэл бий. Яамны олон нийтэд өгч буй мэдээллээс харахад өмнөх түймрийг огт дурдаагүй, 2026 оны 10 дугаар сард анх удаа түймэр гарсан юм шиг ойлгогдож байна. Өмнөх нөхцөлийг буюу 2023 оны түймрийн улмаас байгаль орчны төлөв байдал ямар хэмжээнд нөхөн сэргэсэн, ямар хэмжээнд нөхөн сэргээгүй байсныг тооцохгүйгээр энэ удаагийн хохирлыг бодитой тогтоох боломжгүй, дээрх нөхцөл байдлыг зайлшгүй харгалзаж үзэж бодит хохирлыг тогтоох нь зүйд нийцэх юм. - Нийгмийн сүлжээнд энэ асуудлаар маш их яриа өрнөж байна. Та үүнийг яаж харж байна вэ? - Монгол хүн бүр байгаль дэлхийдээ хайртай. Хайртай нутаг, байгаль маань шатсан тул хүн бүр сэтгэл эмтэрч байгаа нь ойлгомжтой. Нөгөө талаас өмнөх 2022, 2023 оны түймрийн хохирлыг хэн төлсөн, мэргэжлийн яам нь энэ хугацаанд ой, хээрийн түймэртэй холбоотой ямар ажил хийсэн, яагаад түймрийг хурдан унтрааж чадалгүй ийм том талбайг хамруулсан бэ гэсэн асуултууд ч зүй ёсоор тавигдаж болно. Нийгмийн сүлжээнд нэг талыг барьсан, бодит байдалд нийцээгүй мэдээлэл ч түгэж байна. Зарим хүн энэ асуудлыг ашиг олох, улс төрийн давуу байдал бий болгох боломж гэж харж магадгүй. Нийгмийн сүлжээний мэдээллийг шууд үнэн гэж хүлээн авч, хэн нэгнийг шүүхээс өмнө буруутгах нь хууль, шударга ёсонд нийцэхгүй гэдгийг бид бүгд мэднэ. - Өөр нэмж хэлэх зүйл танд байна уу? - Энэ хэрэгтээ холбоотой бүх мөрдөн шалгах ажиллагаа гагцхүү хуулийн хүрээнд л явагдах ёстой гаднаас хэн ч дур зоргоороо нөлөөлөх, мэдээлэх эрх байхгүй гэж үзэж байна.

Read full article → Compare