ЦЕГ: ОХУ-ын зэвсэгт хүчин нэгдээрэй, ₮61-108 саяын цалинтай гэх зар түгээсэн есөн хаягийг устгуулсан
Монгол Улсын иргэд хилийн чанадад гэмт хэргийн хохирогч болох, гэмт хэрэгт холбогдох тохиолдол гарч буйтай холбоотойгоор Гадаад Харилцааны Яам(ГХЯ), Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ) хамтран өнөөдөр мэдээлэл хийж байна. ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнххуяг "Энэ оны есдүгээр сараас эхлэн Оросын Холбооны Улс(ОХУ)-ын зэвсэгт хүчинд нэгдээрэй, 61-108 сая төгрөгийн цалинтай гэсэн зар Монголын цахим орчинд нийтлэгдэж байна. Цагдаагийн байгууллагад энэ талаар хоёр гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Гомдол мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Тухайлбал нэг гомдолд хамаарах гурван иргэнийг ОХУ-д зорчих зорилготой улсын хилээр гарах гэж байхад нь саатуулж, дээрх үйлдлээс татгалзуулсан. Гомдол шалгах ажиллагаа үргэлжилж байна. Хоёр дахь гомдолд холбогдох иргэн ОХУ-ын Эрхүү хотод шууд хүрэх нислэгээр Монгол Улсын хилээр гарсан нь тогтоогдсон. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Иргэнээ эргүүлэн авчрахаар ажиллаж байна. Энэ төрлийн зарыг иргэд сонирхож эхэлсний дараа Телеграмм, WhatsApp зэрэг аппликэйшнээр холбогдон ОХУ-д ирвэл өндөр хэмжээний цалин хангамж олгоно гэх зохиомол нөхцөл байдлыг бий болгодог нь илэрсэн. Цагдаагийн байгууллагаас ийм төрлийн цахим хаяг есийг илрүүлж, холбогдох газарт хүсэлт гарган устгуулсан. Цаашид илрэх хаягуудыг тухай бүр устгуулан ажиллах болно. Иргэд гадаад улсад өндөр цалинтай ажлын зар мэдээлэлд нухацтай хандаж, учирч болох эрсдэлээс сэргийлнэ үү" гэв.