СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай хүнээр даргалуулахгүй гэж шийджээ
Төрийн байгуулалтын байнгын хорооны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4.2-т “Хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно” гэж Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30.1-т СЕХ-ны гишүүний албан тушаалд томилуулахаар УИХ-д санал болгосон нэр дэвшигчийн талаарх томилгооны сонсголыг хийхээр тус тус заасан гэдгийг хуралдаан даргалагч тодотгоод, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Д.Баяндүүрэнгийн бүрэн эрхийн хугацаа 2026 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр, Д.Даваа-Очир, Э.Түвшинжаргал нарын бүрэн эрхийн хугацаа 2026 оны наймдугаар сарын 28-ны өдөр тус тус дуусгавар болсон тул СЕХ-ны гишүүний албан тушаал нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсан хэмээн танилцууллаа. Уг тогтоолын төсөлд СЕХ-ны гишүүнд нэр дэвшигч Д.Баяндүүрэн, Ж.Бямбадулам, Д.Даваа-Очир нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр зохион байгуулахаар, сонсгол даргалагчаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан г сонгохоор тусгажээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Э.Болормаа: Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын товыг тогтож, сонсгол даргалагчийг сонгох гэж байна. Бид дөрвөн сарын дотор Ерөнхийлөгчөө сонгох ёстой. Цаг хугацааны хувьд ингэж таарч байгаа юм байна. Тиймээс энэ сонсголыг даргалагч магадгүй Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг горилогч биш байх ёстой болов уу. Тэгэхээр 50-иас доош насныхан энэ сонсголыг ахлах нь зөв байх. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Төрийн байгуулалтын байнгын хорооны дараагийн хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг хэлэлцэх гээд байгаа. Үндсэн хуульд дөрвөн сарын дотор шинэ Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийг явуулах ёстойг гэж заасан. Энэ нь ээлжит бус сонгуультай холбоотой маш олон асуудлыг хөндөж байгаа. Жишээ нь, хоёрдугаар сарын сүүлээр сонгуулиа явуулъя гэж ярилцаж байгаа юм билээ. Гэтэл 1976 оны 3, 4, 5, 6 дугаар сард төрсөн хүмүүс нэр дэвших эрхгүй болж байна. Мөн сурталчилгааны хугацаа хэрэгжих боломжгүй болно. Үндсэндээ шударга сонгууль явуулах боломжгүй болж байна. Үүнийг анхаарах шаардлагатай. Түүнчлэн дөрвөн сарын дотор Ерөнхийлөгчийн сонгуулиа явууллаа гэхэд зургаан жилийн бүрэн эрх нь үүнээс хойш тооцогдоод явах нь хуулийн зөрчлийг дагуулна. Шударга сонгууль болох боломжгүй шүү. УИХ-ын гишүүн Т.Доржханд: Ерөнхийлөгчийн сонгуулийн товтой холбоотой хуулийн зөрчлүүд үүсээд байна. 2023 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр "Монгол Улсын Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгоно" гэдэг хатуу заалт бий. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 11.8-д "Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна" гэсэн байгаа. Энэ нь шинээр сонгогдсон Ерөнхийлөгч өмнөх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусах хүртэл буюу дөрвөн сар л ажиллах болно гэсэн үг. УИХ-ын гишүүн ч мөн адил бүрэн эрхээсээ татгалзсан тохиолдолд нөхөн сонгууль явуулж, сонгогдсон гишүүн өмнөх гишүүний бүрэн эрхийн хугацаанд л ажилладаг. Тиймээс хуулийн зөрчлийн асуудлыг шийдэж байж сонгуулийн товоо тогтохгүй бол болохгүй. Үгүй бол хоёрдугаар сард сонгогдох Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн сар л байхаар байна. Мөн би энэ асуудлаар иргэний журмаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргана. Ийнхүү Тогтоолын төсөл дэх "сонсгол даргалагчаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхланг сонгох" гэдгийг "сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг сонгох" хэмээн өөрчлөн баталсан байна.