"БНХАУ нь галт зэвсгийн талаар хуулийн хатуу зохицуулалттай тул хилээр сум, галт зэвсэг нэвтрүүлэхгүй байхад анхаарна уу"

ikon.mn · world

Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Хятад Ард Улс(БНХАУ)-д зорчихдоо санаатай болон санамсаргүйгээр галт зэвсэг, сум, дагалдах хэрэгсэл хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдол бүртгэгдэж байгааг Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас өнөөдөр анхаарууллаа. ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнххуяг "БНХАУ нь иргэдээ галт зэвсэг эзэмшихийг хориглодог. Энэ төрлийн хууль тогтоомжийн хяналт, хүлээлгэх хариуцлага өндөртэй. Бүх насаар нь хорихоос эхлээд цаазын ял хүртэл оноодог хуулийн зохицуулалттай улс. Иймд иргэд та бүхэн тус улсад зорчих, аялах бэлтгэл хангахдаа санаатай, санамсаргүй хэлбэрээр галт зэвсэг, сум, дагалдах хэрэгсэл ачаанд орсон байхвий гэдгийг анхаарч хараарай. Бусдын дайвар эд зүйлсийг шалгахгүйгээр авч явахгүй байхыг хичээгээрэй. Танихгүй хүн болон бусдын хүсэлтээр эд зүйлс хилээр дамжуулан зөөвөрлөхгүй байхад онцгой анхаарах шаардлагатай" гэлээ. Түүнчлэн БНХАУ-ын агаарын хөлгөөр үйлчлүүлэхдээ янжуур болон цахилгаан зэрэг аливаа төрлийн тамхи хэрэглэхгүй байхыг Гадаад Харилцааны Яамнаас анхааруулав.

Read full article → Compare