Нэрт хөрөнгө оруулагч Уоррен Баффет 60 жилийн дараа албан тушаалаасаа бууж, хүүдээ эрх мэдлээ шилжүүллээ
Америкийн нэрт хөрөнгө оруулагч Уоррен Баффет зургаан жарны дараа Berkshire Hathaway компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа бууж, удирдлагыг хүү Ховарддаа шилжүүлжээ. Ингэснээр энэхүү аварга компанийн удирдлагын залгамж халааг шилжүүлэх үйл явц эцсийн шатандаа орж байна. Одоо 96 настай Баффет “хүндэт ерөнхийлөгч”-ийн сэтэр зүүж, компанийн төлөөлөн удирдах зөвлөлд туршлага, үзэл бодлоо хуваалцах үүрэгтэй үлдэх гэнэ. Есөн сарын өмнө Баффет гүйцэтгэх захирлын албан тушаалыг Грег Абельд шилжүүлсэн юм. Түүний хүү Ховард 1993 оноос хойш төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ. “Омахагийн зөнч” хэмээн алдаршсан Баффетыг орчин үеийн түүхэнд төрсөн хамгийн амжилттай хөрөнгө оруулагч гэж үздэг. Тэрбээр 1965 онд дампуурлын ирмэгт тулсан Нью Ингландын нэхмэлийн үйлдвэр Berkshire Hathaway-ийг удирдлагадаа авч, улмаар $1.1 их наядын зах зээлийн үнэлгээтэй дэлхийн хэмжээний аварга компани болгосон юм. Өнөөдөр тус компани автомашины даатгалын GEICO, сүүн бүтээгдэхүүний Dairy Queen, BNSF төмөр замын сүлжээ зэрэг олон алдартай брэндийг эзэмшдэг. Мөн Apple, Coca-Cola зэрэг компаниудын томоохон хувь эзэмшигч юм. Баффет өөрөө өдөрт таван лааз Coca-Cola ундаа уудгаараа алдартай. Баффет нь “үнэт зүйлд суурилсан хөрөнгө оруулалт” (value investing) буюу суурь үзүүлэлт сайтай компаниудыг олж, боломжийн үнээр худалдан авч, олон арван жилийн турш хадгалах стратегиар байр сууриа бэхжүүлсэн гэдэг. “Залгамж халааг шилжүүлэх үйл явцыг дуусгах тохиромжтой цаг болсон” гэж тэр хувьцаа эзэмшигчдэд хандсан захидалдаа бичжээ. Тэр бас саяхан 96 насны төрсөн өдрөө тэмдэглэснийг, зээ нарынх нь нэг бас саяхан нэг ойд хүрснийг, тэр өөрөөс нь “арай хурдан хөдөлдөг” болсон зэргийг захидалдаа дурдсан байна. Цаашдаа Грег Абель компанийн стратеги, хөрөнгө оруулалтын шийдвэрүүдийг гаргах бол Ховард Баффет компанийн “соёл, үнэт зүйлс”-ийг хамгаалах, хадгалах үүргийг хариуцах гэнэ. Баффет захидалдаа төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллах “амьдралынх нь хамгийн том нэр төрийн хэрэг” байсныг онцлоод эцэст нь “цаг хугацаа үргэлж ялдаг” болохыг хүлээн зөвшөөрчээ. Эх сурвалж: BBC
Read full article →