ОУОХ-ны ерөнхийлөгч Азийн наадмын модон сууцнуудыг магтсан ч “арай давчуу” болохыг нь хүлээн зөвшөөрөв
Олон Улсын Олимпын Хорооны (ОУОХ) ерөнхийлөгч Кирсти Ковентри өчигдөр буюу Ням гарагт Азийн наадамд оролцогч тамирчдын байрлаж буй модон сууцнуудтай танилцжээ. Айчи-Нагоя наадмыг зохион байгуулагч Япон улс тамирчдыг эдгээр модон сууцнууд болон зочид буудал, аяллын хөлөг онгоц зэрэгт хуваан байрлуулаад байгаа. Уг наадамд хамгийн багадаа 11,000 орчим тамирчин оролцож байгаа гэсэн мэдээлэл бий. Харьцуулбал Парис хотод болсон 2024 оны Зуны Олимпын наадамд 10,700 тамирчин оролцож байжээ. Коронавирусийн цар тахлын улмаас 2021 оныг хүртэл хойшилсон Токиогийн Зуны Олимпын наадамд $13 тэрбумыг зарцуулсан Япон улс энэ удаа зардал хэмнэхийн тулд тамирчдад зориулсан тусгай хотхон байгуулаагүй юм. Тиймээс тамирчдын зүгээс ялангуяа модон сууцнуудтай холбоотой гомдол нэлээд гарч байгаа. Японы засгийн газар эдгээрийг Азийн наадамд ашигласныхаа дараа байгалийн гамшгийн үеэр нүүлгэн шилжүүлэлтийн түр сууц болгон ашиглахаар төлөвлөжээ. Ковентри “Энэ сууцнууд үнэхээр сайхан юм. Зай талбайн хувьд арай бага байж магадгүй. Хэрвээ өөлөх зүйл хайвал энэ л байна. Гэхдээ би үүнийг шүүмжилмээргүй байна. Хотхон надад маш их таалагдаж байна” гэж модон сууцнуудтай танилцсаныхаа дараа хэлсэн юм. Ковентри нь усан сэлэлтийн төрлөөр 2004, 2008 оны Олимпын наадмуудаас хошой алтан медаль зүүж байсан, төрөлх Зимбабве улсдаа спортын салбарыг удирдаж байсан хүн. Тэрбээр Томас Бахын бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа 15 сарын өмнө ОУОХ-ны ерөнхийлөгчөөр томилогдож байв. “Би үргэлж эерэг талыг харж, тамирчид нэг дор хамтдаа байхыг чухалчилдаг. Учир нь энэ бол өөр хаанаас олж авах боломжгүй туршлага юм. Байшингууд нам гүм, сэрүүн таатай, агааржуулалт сайтай, шал, хана чанартай харагдаж байна. Миний өмнө нь байрлаж байсан зарим хотхонуудаас хамаагүй дээр юм” гэж Ковентри хэлжээ. Тэрбээр Бямба гарагт Азийн наадмын нээлтэд эзэн хаан Нарухитогийн хамт оролцсон юм. Аравдугаар сарын 4-ний өдрийг хүртэл үргэлжлэх энэ наадам 20 дахь Азийн наадам болж байна. Хамгийн анхны Азийн наадам 1951 онд Энэтхэгийн нийслэл Шинэ Делид зохион байгуулагдаж байжээ. Эх сурвалж: Associated Press
Read full article →