О.Цогтгэрэл: Олонх ирцээ бүрдүүлсэн тохиолдолд цөөнх УИХ-ын үйл ажиллагаанд оролцоно
УИХ дахь Ардчилсан Намын бүлэг ээлжит хурлаараа хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө. Бүлгийн дарга О.Цогтгэрэл “Монгол Ардын Нам болон Засгийн газрын зүгээс АН-ыг УИХ-ын чуулганы хуралдааныг бойкотолж, гацааж байна гэдэг гүтгэсэн, мушгин гуйвуулсан мэдээлэл түгээж байна. МАН дангаараа 64, эвсэж хамтарч байгаа намуудтайгаа 80 суудалтай улс төрийн хүчин. Тэд УИХ-ын чуулган болгон бүх байнгын хорооны ирцийг дангаараа бүрдүүлэх боломжтой. Мөн АН Засгийн газрыг огцруулах гэж байна гэдэг зүйлийг зохион түгээж байна. МАН дотооддоо эв нэгдэлтэй байвал Засгийн газар огцрох асуудал яригдахгүй. Засгийн газраа огцруулах эрх тэдэнд л бий. Олонх ирцээ бүрдүүлсэн тохиолдолд цөөнх УИХ-ын үйл ажиллагаанд оролцоод явна. Түүнчлэн АН-ын зүгээс Ерөнхий сайдыг өөртөө итгэл үзүүлэх эсэх асуудлыг оруулж ир гэж шахаж байна гэдэг зүйлийг тавьж байна. Бид шинэ зүйл олж мэдчихээд шаардаад байгаа зүйл биш юм. Энэ нь парламентат ёсны үйл ажиллагааны нэг хэлбэр. Төсөв хэлэлцэх үеэр Ерөнхий сайдтай холбоотой хувийн асуудал яригдаж байна. Энэ үед бид хариуцлага ярих нь зүй ёсны хэрэг. Засгийн газар олон нийтийг хууран мэхэлсэн төсөв оруулж ирсэн. Гэтэл цалин, тэтгэвэр нэмсэн нэртэй ч түүнийгээ үнийн өсөлтөөр идэх бодлого оруулж ирээд, ард түмэндээ хайртай гэж яриад явж байж болохгүй. Иргэдийн орлого бодитоор нэмэгдэх ёстой. Тиймээс Ерөнхий сайд “Миний бодлогыг дэмжиж байвал надад итгэл үзүүлэх асуудлыг оруулж байна. Дэмжиж өг” гэх ёстой. Хэрэв дэмжиж байвал төсөв санхүү, цалин тэтгэвэр бүгд дэмжигдэж байна гэсэн үг" гэлээ.
Read full article →