"Олон жил гацаагаад байсан Өмнийн бүсийг эрчим хүчээр хангах ажил гараанаас гарах гэж байна"
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр шадар сайд Т.Доржханд Оюутолгой уурхайн эрчим хүчийг хэрхэн хангах асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Оюутолгой төслийг эрчим хүчээр хангах асуудал үеийн үед яригдаж эхэлсэн. Харамсалтай нь 15 жилийн хугацаанд цахилгаан станц баригдсангүй. Нүүрсний цахилгаан станцаар асуудлыг шийднэ гээд яваад байсан. Харамсалтай нь нүүрсний станцыг санхүүжүүлэх санхүүжилт өнөөдрийг хүртэл байдаггүй. Дэлхий даяар сэргээгдэх эрчим хүч нүүрсний эх үүсвэрээс цэвэрхэн, хямдхан болсон. Энэ дээр санхүүжилт бий болж буйг дэлхий даяар сайн мэдэж байгаа. Оюутолгой компанийн зүгээс нүүрсээр цахилгаан үйлдвэрлээд хангах гэхээс илүүтэй сэргээгдэх эрчим хүчээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд гаргавал манай компанийн гадагшаа гаргах нэр хүнд, үнэ цэн эерэг үр дүнд хүрнэ гэдэг. 99.5 хувийн найдвартай байдлыг шаарддаг. Энэ нь газрын гүнд 2,000 метрийн дор ажиллаж буй уурхайчдын амь настай холбоотой асуудал. Тог тасарвал агааргүйдэж амь нас эрстэнэ. Тиймээс жирийн цахилгаан станцаас илүү өндөр шаардлага тавигддаг. Үүнтэй холбоотойгоор Оюутолгой компани 99.5 хувийн найдваржилттай эрчим хүч авъя гэдэг хүсэлтэй байдаг. Үүн дээр түшиглээд Засгийн газраас эрчим хүчний асуудлыг хувийн сектороор хийлгэх нь зүйтэй. Төр өөрөө дулааны цахилгаан станц барих гэхээр санхүүжилт байхгүй, бид дээр нь 40 жил барьж чадаагүй. Хувийн сектор үнэ, шийдлээ оруулж ирээд олон түмний өмнө нээлттэй ил тодоор үнээ хаялцаад дуудлага худалдаа явуулах олон улсын зарчмыг сонгож байгаа. Олон улс бүгдээрээ энэ зарчмаар явдаг. Энэ зарчмаар явсан тохиолдолд Европын сэргээн босголтын банк хоёр тэрбум ам.долларын санхүүжилтийг хувийн секторт өгнө гэдгээ илэрхийлсэн. Бидний зүгээс нээлттэйгээр бүх бичиг баримтаа зарлаад явсан. Эрчим хүчний яамнаас 10 компанийн материалыг хүлээж авсан гэсэн. Маргааш дуудлага худалдаа олон түмний өмнө явна. Үр дүнд олон жил гацаагаад байсан өмнийн бүсийг эрчим хүчээр хангах ажил гараанаас гарах гэж байна. Энэ нь зарим хүний сонирхлыг зөрчиж магадгүй. Монгол Улсыг өөрсдөө эрчим хүчээ үйлдвэрлээд явах нь буруу гэдэг эрх ашигтай зөрчилдөж магадгүй. Бид жилдээ 140 сая ам.долларыг гадагшаа гаргасан хэвээр байна. 2030 он гэхэд Оюутолгой уурхайн эрчим хүчний эх үүсвэрийг гэрээгээр нийлүүлэх боломжтой. Нүүрсний цахилгаан станц барилаа гэхэд амжихгүй шүү. Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг харж байгаа. 2014 онд зураг төсөл нь эхэлж, барилгын ажил 2019 онд эхлээд 330 мегаваттын цахилгаан станцыг зургаан жил барьж байж үр дүнд хүрсэн. Сэргээгдэх эрчим хүч гэдэг илүү хямдхан, богино хугацаанд хийдэг. 2030 он гэхэд бид нэг өдрийн өмнө гадагшаа гаргаж буй валютын урсгалыг Монголдоо үлдээнэ гэсэн агуулгаар явж байгаа. Засгийн газар 2023 он гэхэд нийт эрчим хүчний эх үүсвэрийн 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангана" гэв. ВИДЕО:
Read full article →