Ормузын хоолойг нээх Ираны саналд Трамп татгалзсан хариу өгөв
Тодорхой шаардлагуудыг хангавал Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээхэд бэлэн байгаагаа Ираны эрх баригчид илэрхийлж, саналаа АНУ-ын талд танилцуулсныг Баасан гарагт зарласан билээ. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уг саналаас татгалзаж байгаагаа Бямба гарагт мэдэгдсэн байна. Долоон сар үргэлжилж, хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа Ираны эсрэг АНУ-ын өдөөсөн дайны гол цэг нь дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн чухал усан зам Ормузын хоолой болоод байгаа. “Би тэдний саналыг хүлээж авахгүй. Тэд одоо маш хүнд байдалд байгаа учраас Ормузын хоолойг нэн даруй нээх яриа хэлэлцээг хүсэж байна. Тэд тохиролцохыг хүсэж байгаа нь сайн хэрэг гэж би бодож байна. Би ч бас тохиролцох дуртай” гэж Трамп өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ. Нью-Йорк хотод болсон НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганаас буцахдаа Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан CBS News сувагт уг саналыг дээд удирдагч Можтаба Хаменитай зөвлөлдөж боловсруулсан талаар ярьсан байна. Тавьсан шаардлагад Ойрх Дорнодод, тэр дундаа Ливанд болж буй бүх байлдааны ажиллагааг зогсоох, Ираны битүүмжлэгдсэн хөрөнгийг чөлөөлөх, газрын тосны хоригийг цуцлах, АНУ-ын тэнгисийн бүслэлтийг зогсоох зэрэг нөхцөлүүд тусгасныг Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи өмнө нь мэдээлж байв. Тэрбээр энэ долоо хоногийн эхээр Трампын тусгай элч Стив Виткоффтой уулзсан юм. Вашингтон, Техраны эрх баригчид зургаадугаар сард дайныг зогсоож, Ормузын хоолойг нээж, цөмийн хөтөлбөртэй холбоотой яриа хэлэлцээг сэргээх зорилготой харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж байв. Гэвч удалгүй Ираны тал батлагдсан маршрутаас хазайсан үндэслэлээр Ормузын хоолойгоор дамжин өнгөрсөн арилжааны хөлгүүд рүү довтолсноор энэхүү тохиролцоо нуран унасан юм. Эх сурвалж: AFP
Read full article →