₮11.7 тэрбумын төсөвт өртөгтэй, Нисэхээс Нүхт хүртэлх хоёр километр авто замын ажил үргэлжилж байгааг мэдээлэв
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс дэх Нео сити хотхоныг дайран өнгөрч Нүхтийн авто зам хүртэлх дөрвөн эгнээтэй, 2 километр авто замыг барих ажил энэ оны дөрөвдүгээр сард эхэлж байв. "Өнөөдрийн байдлаар Нисэхээс Нүхт хүртэлх хоёр километр авто замын газар шорооны болон ухмалын ажил, ус зайлуулах хоолойн буцаан дүүргэлт, далангийн дээд үеийн материалын тээвэрлэлтийн ажлуудыг үе шаттайгаар гүйцэтгэж байна. Барилгын ажлын хугацаа удааширч, иргэдийн зорчих хөдөлгөөн болон орчны тав тухад хүндрэл учруулж байгаад ойр орчмын иргэд, оршин суугчдаасаа хүлцэл өчье. Цаашид ажлыг эрчимжүүлж, батлагдсан зураг төсөл, стандарт, технологийн шаардлагын дагуу чанартай гүйцэтгэн, аль болох богино хугацаанд дуусгахад анхаарч ажиллах болно" гэж Баруун бүсийн зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээлэв. Тус газар авто зам барих ажлын гүйцэтгэгчээр шалгарсан байна. Архивчдын гудамж, морин тойруулга, Наадамчдын талбайн гудамжнаас Нүхтийн авто замтай холбогдох авто замыг Нийслэлийн Авто Замын Сангийн ₮11.7 тэрбумаар барихаар баталжээ. Уг нь авто замыг наймдугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулна хэмээн Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлж байсан юм.