Вьетнамын шүүх хар тамхины хэргээр 11 хүнд цаазын ял оноожээ

Вьетнамын шүүх тус улсын хамгийн том хар тамхины хэргүүдийн нэгийг шийдвэрлэхдээ 11 хүнд цаазаар авах ял оноожээ.

Уг хэрэгт нийт 227 хүн буруутгагдсанаас бусад нь 18 сараас эхлээд бүх насаар хоригдох хүртэл ял сонссон байна.

Цаазын ял сонссон хүмүүсийн дунд хар тамхины наймааны сүлжээний гол зохион байгуулагч гэгддэг Ха Дан Нам байгаа юм.

Мөрдөгчид түүнийг Франц улсаас Вьетнамд мансууруулах бодис нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байсныг тогтоосон гэнэ.

Энэ хэрэг 2023 оны гуравдугаар сард Парисаас Хо Чи Мин хотод ирсэн Vietnam Airlines компанийн нисэх онгоцны бүхээгийн ажилтан 157 ширхэг шүдний оонд нуусан 10 кг гаруй хар тамхи авч явсан нь баригдсанаар илэрч байжээ.

Онгоцны ажилтан MDMA, кетамин төрлийн мансууруулах бодисуудыг авч явснаа мэдээгүй байсан үндэслэлээр яллагдаагүй байна.

Ха Да Нам нь нэмэлт тэжээл, угаалгын нунтаг, ам зайлагч, кофе зэрэг хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд нуусан мансууруулах бодисыг Францаас Вьетнам руу илгээх ажлыг зохион байгуулдаг байжээ. Ингэхдээ зорчигчид, нисгэгчдийн ачаанд дайх, илгээмжээр явуулах зэрэг арга хэрэглэдэг байсан гэнэ.

Түүний онилдог хүмүүс Франц улсад амьдарч, сурдаг Вьетнамын иргэд байжээ.

Үндэстэн дамнасан энэхүү хар тамхины наймаандаа нууцлалтай мессенжэр платформ, бусдын нэр дээр нээсэн банкны данс зэргийг ашиглаж байсныг прокурорууд тогтоосон байна.

Уг сүлжээгээр дамжсан мөнгөний нийт хэмжээ 29 их наяд дон ($1.1 тэрбум) болжээ.

Гэмт хэрэгтнүүдэд шүүх энэхүү сүлжээнд гүйцэтгэдэг байсан үүргийнх нь дагуу ялгаатай ял оноосон байна.

Тухайлбал Вьетнамд орж ирсэн хар тамхийг худалдаж авах, борлуулах, тээвэрлэх ажлыг зохион байгуулдаг байсан 20 хүн бүх насаар хоригдох ял сонсжээ.

Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр Вьетнам бол өнөөдөр цаазын ял гүйцэтгэсээр байгаа дэлхийн 54 улсын нэг юм байна.

Тус улсын эрх баригчид цаазын ялтай хоригдлуудынхаа тоог нууцалдаг бол хүний эрхийн байгууллагууд 1,000 гаруй хүн байгаа гэж үздэг.

Өнгөрсөн сард Вьетнамын засгийн газар хар тамхи наймаалах зэрэг зургаан төрлийн гэмт хэргийг цаазын ялаас чөлөөлөх санал гаргаж байв.

Гэхдээ уг өөрчлөлт хараахан хэрэгжиж эхлээгүй байгаа.

Үүнээс өмнө 2025 онд эрүүгийн хуулийг шинэчлэхдээ эд хөрөнгө завших, тагнуулын ажиллагаа явуулах, засгийн газрыг түлхэн унагаахад оролцох зэрэг найман гэмт хэргийг цаазын ялаас чөлөөлж байжээ.

Сүүлийн жилүүдэд цаазын ял сонссон хамгийн дуулиантай гэмт хэрэгтэн бол төрийн өмчийн банкнаас асар их хэмжээний мөнгө хувьдаа завшсан Чуон Ми Лан байсан юм.

Тэрбээр 2024 онд ялын дээд хэмжээ сонссон ч 2025 онд гарсан хуулийн өөрчлөлтийн дагуу бүх насаар хоригдох ял болж буурсан байна.

Эх сурвалж: BBC

Read full article →