Египетийн телевизийн алдартай хөтлөгч бусад 11 хүний хамт хар тамхины хэргээр цаазын ял сонслоо

Хар тамхины хэрэгт холбогдсон телевизийн алдартай хөтлөгч болон бусад 11 хүнд Египетийн шүүх цаазаар авах ял оноосныг тус улсын албан ёсны хэвлэлүүд Бямба гарагт мэдээлжээ.

39 настай хөтлөгч Сара Халифа нь нийгмийн аюулгүй байдал, гэмт хэрэгтэй холбоотой асуудлуудыг хөнддөг “Mission Impossible” нэвтрүүлгээрээ алдаршсан нэгэн юм.

Төрийн өмчийн “Аль-Ахрам” сонинд мэдээлснээр Кайрын шүүх “Халифа болон бусад 11 шүүгдэгчийг хар тамхи үйлдвэрлэхэд ашиглагддаг материалыг ашиг олох зорилгоор олж авч, зөвшөөрөлгүй галт зэвсэг, сум эзэмшиж, хадгалах зэргээр зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэг байгуулсан” үндэслэлээр дүүжлэн хороох ял оноосон байна.

Шүүх уг ялыг оноохоосоо өмнө шашны талынхны саналыг сонсох зорилгоор Египетийн Их Муфтитай зөвлөлдсөн гэнэ.

Энэ бол тус улсад цаазын ял онооход тавигддаг хууль ёсны шаардлага ажээ.

Шүүгдэгчид ялыг давж заалдах боломжтой юм байна.

Халифа нь бас гоо сайхны мэс заслын эмнэлэг, үдэшлэг, арга хэмжээ зохион байгуулах чиглэлээр мэргэшсэн компани эзэмшдэг ажээ.

Ахбар Аль-Юм сонины мэдээлснээр шүүгдэгчид “гадаадаас импортолсон материалаар синтетик төрлийн мансууруулах бодисыг үйлдвэрлэж байсан” гэнэ.

Мөрдөн шалгах ажлын хүрээнд эрх баригчид 750 кг мансууруулах бодис, түүхий эд хураан авч, лаборатори болгон ашиглаж байсан хоёр байр, зөвшөөрөлгүй галт зэвсэг, сум зэргийг илрүүлсэн байна.

Шүүх бас нэгэн залуу эрийг хулгайлж, биед нь халдсан гэх тусдаа хэргээр Халифа болон түүний хамтрагчдад таван жилийн хорих ял оноожээ.

Египет улс санаатай аллага, терроризм, хүчингийн зарим хэрэг, хар тамхины хэрэгт цаазын ял оноодог хуультай.

Хүний эрх, эрх чөлөөний байгууллагын мэдээлснээр 2025 онд Египет улсад 541 хүн цаазын ял сонсож байжээ.

Эх сурвалж: AFP

Read full article →