Тээвэр хөгжлийн банкны 2026 оны III улирлын санхүүгийн тайланг танилцуулж байна

ikon.mn ·

Тээвэр хөгжлийн банк 2026 оны III улирлын санхүүгийн тайлангаа харилцагчид, хамтран ажиллагч байгууллагууд, хувьцаа эзэмшигчид болон олон нийтэд нээлттэй танилцуулж байна. 2026 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаарх Тээвэр хөгжлийн банкны нийт активын хэмжээ өмнөх оны мөн үеэс 45 хувиар өсөж, 2.2 их наяд төгрөгт, нийт зээлийн багцын үлдэгдэл 256 тэрбум төгрөгөөр буюу 31 хувиар нэмэгдэж, 1.1 их наяд төгрөгт хүрлээ. Мөн харилцах, хадгаламжийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 46 хувиар өсөж, 1.3 их наяд төгрөгт хүрчээ. Тайлант хугацаанд активын өгөөж болон зардлын үр ашгийг ханган ажилласны үр дүнд 8.4 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Мөн банк нь зохицуулагч байгууллагаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн ханган ажилласан бөгөөд төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа үзүүлэлт 39.2 хувьд хүргэж, зохистой түвшнээс 14.2 нэгж хувиар, өөрийн хөрөнгийн зохистой харьцааны үзүүлэлт 18.1 хувьд хүрсэн буюу шалгуур үзүүлэлтийг 6.1 хувиар тус тус давуулан биелүүлсэн нь банкны салбарт тэргүүлэх үзүүлэлтэд тооцогдож байна. 2026 оны III улирлын онцлох үйл явдлаас дурдвал: Олон улсын үнэлгээний Fitch Ratings агентлаг Тээвэр хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг дахин баталгаажуулж, хэтийн төлөвийг “Тогтвортой” хэмээн үнэлэв. Тээвэр хөгжлийн банк нь хувийн банкны үйлчилгээний чанар, стандартыг олон улсын түвшинд хүргэх стратегийн зорилгын хүрээнд Банк Санхүүгийн Академи болон Европын Санхүүгийн Төлөвлөлтийн Холбоо (EFPA)-той хамтран Certified Private Banker (CPB) олон улсын мэргэшүүлэх хөтөлбөрийг Монгол Улсад анх удаа амжилттай хэрэгжүүлж, хувийн банкирууддаа олон улсын мэргэшсэн сертификатыг гардууллаа. Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөнд багтсан дэд бүтцийн төслийг дэмжих “Экспортын зам I, II” төслүүдийн үндсэн андеррайтераар ажиллаж, нийт 160 тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүллээ. Төслийн хүрээнд Тавантолгой - Гашуунсухайт чиглэлийн 240 км хатуу хучилттай автозам ашиглалтад орж, Монгол Улсын тээвэр логистикийн нөхцөлийг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд бодит хувь нэмэр орууллаа. Тээвэр хөгжлийн банк нь Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл-II” -ын хөнгөлөлттэй зээлийг дамжуулан олгох арилжааны банкуудын нэгээр сонгогдож, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай гэрээ байгуулан, төслийн хүрээнд зээлийн хүсэлтийг судалж, санхүүжилт олгон ажиллаж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд боловсролын салбарыг дэмжих зорилгоор МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш нарын танхимыг бүрэн шинэчлэн тохижуулах ажлыг хэрэгжүүлж , багш, судлаачдын ажиллах орчныг сайжруулахад хувь нэмрээ оруулахын зэрэгцээ “The International Conference on the Paradigm Change in University–Industry Cooperation for the Fourth Industrial Revolution (4IR)” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ивээн тэтгэн ажиллав. Бидэнтэй үргэлж хамт байдаг харилцагч, түнш, хөрөнгө оруулагч, ажилтнуудынхаа хамтын ажиллагаанд талархал илэрхийлье.

Read full article → Compare