Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зургаан хүн амь насаараа хохирчээ

ikon.mn ·

Тээврийн прокурорын газраас 2024, 2025 он болон энэ оны аравдугаар сарын 20-ны байдлаар насанд хүрээгүй хүнээс үйлдсэн “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” 24 хэргийг шүүхэд шилжүүлжээ. Гэмт хэргийн улмаас 27 хүн хохирсноос хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн, 11 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, найман хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, зургаан хүний амь нас хохирсон байна. Гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүд насны хувьд нэг нь 15 настай, тав нь 16 настай, 18 нь 17 настай, хүйсийн хувьд бүгд эрэгтэй байна. Дээрх хүүхдүүдээс гурав нь мотоцикл, 21 нь автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа осол гаргаснаас нэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Шүүхээс таван хүүхдэд хорих ял, хоёр хүүхдэд зорчих эрх хязгаарлах ял, 11 хүүхдэд ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан бол дөрвөн хүүхдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ. Эх сурвалж: УЕПГ Одоо хоёр хэрэг шүүхийн шатанд хянагдаж байгааг Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар 18 насанд хүрсэн, тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий шалгалтад тэнцсэн, жолоодох эрхийн үнэмлэхтэй иргэн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцох эрхтэй. Эцэг эхчүүд та бүхэн Тээврийн хэрэгслийн түлхүүрээ ил задгай тавихгүй байх, Хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, Жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүсэж болох хор уршиг, эрх зүйн үр дагаврын талаар хүүхдүүдээ ойлголт өгч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг прокурорын байгууллагаас зөвлөж байна.

Read full article → Compare