Төвөдийн хойд хэсэгт 7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 16 хүн амиа алдаж, 32 хүн бэртжээ
Пүрэв гарагийн 22:33 цагийн орчимд Хятадын баруун өмнөд хэсэгт орших Төвөдийн өөртөө засах бүс нутагт 7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 16 хүн амиа алдаж, 32 хүн гэмтэж бэртсэн тухай Шиньхуа агентлаг мэдээлжээ. Баасан гарагийн шөнийн 02:25 цагийн байдлаар гэмтэж бэртсэн хүмүүсийн 11-ийнх нь биеийн байдал хүнд, харин 21 хүнийх хөнгөн байгааг сүүлд нэмж мэдээлсэн байна. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр газар хөдлөлтийн голомтын ойролцоох тосгодод дор хаяж хоёр хүн гэмтэж, зарим байшин барилгад цууралт үүсжээ. Энэ нь 2024 оны нэгдүгээр сараас хойш Хятад улсад бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн голомт нь Төвөдийн хойд хэсэгт орших Нагчу дүүргийн хүн ам сийрэг суурьшсан, өндөр уулын бүсэд, газрын гадаргаас 10 км-ийн гүнд байжээ. Хятадын Газар Хөдлөлтийн Сүлжээний Төвийн мэдээлснээр уг голомтоос 5 км-ийн тойрог дотор орших газрын дундаж өндөр далайн түвшнээс дээш 4,864 метр юм байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нийтэлсэн дүрс бичлэг оршин суугчид гэрээсээ гарч, гадаа эсвэл зогсоолд байрлуулсан автомашиндаа хоргодож байгааг харуулжээ. Газар хөдлөлтийн голомт Төвөдийн нийслэл Лхас хотоос 400 орчим километрийн зайд байсан байна. Орон нутгийн гал унтраах болон аврах багууд гамшигт өртсөн бүс нутаг руу явж эхэлснийг төрийн мэдээллийн хэрэгслүүд дамжуулжээ. Газар хөдлөлтийн дараа ойр орчмын бүс нутгуудад 3-аас 4 магнитудын хүчтэй хэд хэдэн чичирхийлэл бүртгэгдсэнийг Хятадын мэргэжлийн байгууллага мэдээлсэн байна. 2010 онд Төвөдийн хөрш зэргэлдээ Цинхай мужийн Юйшу хотод 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөхөд дор хаяж 2,698 хүн амиа алдаж, 300 орчим хүн сураггүй алга болж байсан түүхтэй юм. Эх сурвалж: Reuters