Х.Буянтүмэн: Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарыг 20 гаруй тендер хууль бусаар бусдад олгосон байж болзошгүй асуудлаар шалгаж байна
Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүдтэй холбогдуулаад авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх мэдээллийн дагуу Авлигатай Тэмцэх Газар (АТГ), Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ), Тагнуулын Ерөнхий Газар (ТЕГ) хамтарсан мөрдөн шалгах Ажлын хэсэг байгуулах саналыг Улсын Ерөнхий Прокурорын байгууллагаас гаргасан юм. Ажлын хэсгээс нийслэлд хэрэгжүүлж байгаа 24 төсөл, хөтөлбөрт тэр дундаа Туулын хурдны зам, шинэ тойрог авто зам, Сэлбэ дэд төв гэсэн төслүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн "Нийт 24 төсөл, хөтөлбөрөөс Ажлын хэсгийнхэн зургаад нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Энэ дагуу ажил хариуцсан болон хэрэгжүүлсэн аж ахуйн нэгж гээд 200 орчим хүнээс мэдүүлэг авсан. Уг зургаан хэргээс дөрвийнх нь шалгах ажиллагаа дуусаж, шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын Байгууллагад шилжүүлсэн байгаа. Үлдсэн хэргүүдэд эрүүгийн болон санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар дээрх хэргүүдэд нийт есөн хүнийг эрүүгийн гэмт хэргийн яллагчаар татсан. Туулын хурдны зам, шинэ тойрог авто зам болон Сэлбэ дэд төв төсөлд холбоотой хэргүүдэд Нийслэлийн Прокурорын Газраас олон нийтэд мэдээлэх зөвшөөрөл хүргүүлсэн. Уг байгууллагаас зөвшөөрсөн хэмжээ хязгаартай мэдээллийг өгөх юм. Туулын хурдны замын хэрэгт Нийслэл Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Х.Нямбаатар нь төслийн гүйцэтгэгчээр шалгарсан нэр бүхий хуулийн этгээдэд төсвийн ₮500 тэрбумыг олгохдоо төрийн болон орон нутгийн хөрөнгөөр ажил гүйцэтгэхээр худалдан авах тухай хуулийн тодорхой заалтыг зөрчиж, санхүүжилтийн гүйлгээ хийх эрхийг тухайн үед Нийслэлийн Засаг Даргын орлогчоор ажиллаж байсан Б.Даваадалайд шилжүүлж, хуульд заасан шаардлага хангаагүй эсэхүл хуульд заасан баталгаа гаргах эрхгүй этгээдэд мөнгө шилжүүлсэн гэмт хэрэг үйлдсэн буруутай гэж үзсэн. Яллагдагчаар татагдсан этгээдэд тогтоолыг хуульд заасны дагуу танилцуулах ёстой. Энэ зорилгоор сэжигтэн Х.Нямбаатарт дуудан ирүүлэх хуудсыг удаа дараа хүргүүлсэн. Ирээгүй. Х.Нямбаатар нь энэ оны наймдугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын хилээр гадагшаа нэвтэрсэн бүртгэлтэй байна. Ийм учраас Х.Нямбаатарын хаяг байршлыг тогтоолгохоор ИНТЕРПОЛД хандаад буй. Одоогоор албан бус мэдээллээр Канад Улсад байгаа гэсэн. Монгол Улс, Канад Улс хоёр нь эрүүгийн хэрэгт харилцан туслалцаа үзүүлэх тухай гэрээ байдаггүй. Гэхдээ хоёр улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод нэгдсэн. Энэ дагуу авлигын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг тухайн улсад шилжүүлэн өгөх хуулийн зохицуулалттай. Энэ хүрээнд бид олон улсын байгууллагад нь хүсэлтээ хүргүүлсэн байгаа. Туулын хурдны замын хэрэгт сэжигтэн Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байгаа. Тус төслийн гүйцэтгэгч компанийн мэдэлд байсан арилжааны банкны 14 дансанд байгаа ₮339 тэрбумын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг зогсоож, царцаасан. Мөн уг төслийг хэрэгжүүлэх явцад Улаанбаатар хотын ногоон бүс болох 7.2 га талбай бүхий бургасан ойг шилжүүлж байж ажлыг үргэлжлүүлэх ёстой байсан ч нийт талбайг хавтгайруулан огтлол хийсэн. Энэ хууль бус ажиллагааны улмаас нийслэлийн ногоон бүсэд ₮352.2 саяын хохирол учруулсныг мэргэжилтнүүд тогтоогоод байна. Шинэ тойрог авто замын төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөлд ₮16.9 тэрбумын өртөг бүхий тендер зарлагдсан. Сонгон шалгаруулалтад Б.Даваадалай нь өөрийн хамаарал бүхий гурван этгээдтэй нийлж шалгаруулсан гэж буруутгаж байгаа. Энэ хэрэг шүүхэд шилжсэн. Одоогоор шүүхийн тов нь зарлагдаагүй байна. Үүнтэй холбоотойгоор Б.Даваадалай болон бусад этгээдийн ₮6.2 тэрбумын хөрөнгийг битүүмжлээд буй. Сэлбэ дэд төвийн орон сууцны төсөлтэй холбоотой хэргийн тухайд 994 айлын 14 блок барилгын нийт өртөг нь ₮226.4 тэрбумын төсвийн ажилд нэр бүхий албан тушаалтнууд бусдад эдийн засгийн давуу байдал олгосон гэдэг хэргээр шалгагдаж байна. Энэ хууль бус ажиллагаанд НИТХ-ын нэр бүхий хуулийн этгээд оролцсон гэсэн үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Энэ хэргүүдтэй холбоотойгоор Х.Нямбаатарыг өөрийн хамаарал бүхий хувь хүн, хуулийн этгээдэд 20 гаруй тендерийг хууль бусаар шалгаруулж, санхүүжилт олгосон байж болзошгүй гэж үзэн шалгаж байна" гэв.