Байгалийн хийн эрчим хүчний эх үүсвэр төслийг зарим төлөөлөгч эсэргүүцсэн ч түншлэлийн гэрээг Хятадын компанитай байгуулахыг зөвшөөрөв
НИТХ-ын ээлжит IX хуралдаан өнөөдөр үргэлжилж, “Байгалийн шингэрүүлсэн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийн түншлэлийн гэрээг БНХАУ-ын “Тяньжинь Жунчан Барилга Инженеринг” ХХК-тай байгуулах эрх олгох тогтоолын төслийг төлөөлөгчдийн 71 хувийн саналаар баталлаа. “Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг санхүүжүүлэх зорилгоор ₮75 тэрбум төгрөг хүртэлх нийслэлийн үнэт цаасыг 2026 онд багтаан үе шаттай арилжаалахыг Засгийн газраас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагвад зөвшөөрчээ. Төслийн талаар нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “Байгалийн шингэрүүлсэн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төсөл нь Дэнжийн мянга дэд төвийн дулааны хэрэгцээг хангах, байгалийн хийн дэд бүтцийн суурийг бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах зорилготой бөгөөд гурван бүрэлдэхүүн, хоёр үе шаттайгаар хэрэгжинэ. Нэгдүгээрт 58МВт-ын хүчин чадалтай, хийн дулааны станцыг богино хугацаанд барина. Хоёрдугаарт Цагаандаваанд шингэрүүлсэн байгалийн хий хүлээн авах хадгалах, дахин хийн төлөвт хувиргах хувиргах байгууламжийг барина. Гуравдугаарт хий дамжуулах үндсэн шугамыг барьж, ашиглалтад оруулна. Дараагийн үе шатанд станцын хүчин чадлыг 93МВт хүртэл өргөтгөхөөр төлөвлөсөн. Төслийн урьдчилсан үнэлгээ болон бүрэн шинжилгээ батлагдсан бөгөөд НИТХ-аас төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдвэр гарсан. Эрчим хүчний яам, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамнаас холбогдох саналуудыг авч, ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээ дэмжигдсэн. Санал хүлээн авах эцсийн хугацаанд БНХАУ-ын “Тяньжинь Жунчан Барилга Инженеринг” ХХК саналаа ирүүлсэн. Тус компани нь "China Gas Holdings Limited" группийн бүрэлдэхүүнд хамаардаг, барилга угсралт, инженерийн шугам сүлжээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, удирдлагын тогтолцооны чанарын гэрчилгээтэй. Төслийг төр, хувийн хэвшлийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 207.9 тэрбум төгрөг. Төрөөс 75 тэрбум төгрөг хүртэлх хөрөнгө оруулалт хийж, үлдэх хэсгийг хувийн хэвшил хариуцна. Төслийн өртөг нэмэгдэх эрсдэлийг хувийн хэвшил хариуцахаар санал ирүүлсэн. Хийн нийлүүлэлт, логистик, барилга угсралт, ашиглалтын эрсдэлүүдийг хувийн хэвшлийн тал хариуцахаар гэрээний төсөлд тусгасан. Төсөл хэрэгжсэнээр дулааны станцын хүчин чадал 93МВт хүртэл нэмэгдэж, LNG хий хадгалах багтаамж 2,000 м.куб, хийжүүлэх хүчин чадал 10,000 м.куб/цаг, жилд 137-220 мянган Ккал дулаан үйлдвэрлэх боломж нэмэгдэнэ. Жил бүр 22-36 мянган тонн нүүрсний хэрэглээг орлож, PM2.5 тоосонцрыг 60.5%, SO2-ыг 98%, CO2-ыг 45.3%-аар бууруулах үр өгөөжтэй. Үнс, шаарын хаягдал үүсгэхгүй" гэж танилцууллаа. Түүний дэлгэц дээр харуулсан төслийн танилцуулгын баримт бичигт хийн нийлүүлэлтийг эхний хоёр жилд ОХУ-аас авна хэмээн тэмдэглэсэн байв. Төслийг танилцуулсны дараа зарим төлөөлөгч холбогдох албаныхнаас асуулт асууж хариулт авсан бол зарим төлөөлөгч төслийг хэрэгжүүлэхийг эсэргүүцсэн юм. "Тархмал эрчим хүчний дэд бүтэц" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Ванчигцэрэн : Цагаандаваа, Дэнжийн мянгад Байгалийн шингэрүүлсэн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэрийг барих зураг төсөв нь батлагдсан. Хот байгуулалт, хотын стандартын газрын төлөвлөгөөнд тусгагдаж, байгаль орчны төлөв, байдлын үнэлгээ хийгдсэн. Харин нарийвчилсан үнэлгээ, менежментийн төлөвлөгөөнүүд 2027 оны хоёрдугаар сард гарна. Байгаль орчны үнэлгээ хийсэн компанитай хамтран төслийн трасст хамрагдсан айл өрхүүд, хорооныхонтой уулзсан. Төлөөлөгч Ч.Батзориг : Байгаль орчны төлөв байдлын ерөнхий үнэлгээг хоёр удаа гаргасан. Байгууламжуудын ТЭЗҮ-ийг 2020-2022 онд боловсруулж, энэ онд батлуулсан. Төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ дунд эрсдэлтэй гарсан. Хамгаалалтын бүс 90-100 м. Манай улсад байгалийн шингэрүүлсэн хийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх анхны төсөл. Одоогоор бид сургууль, цэцэрлэгт нефтийн шингэрүүлсэн хийг ашиглаж байгаа юм. Хоёр дахь шатанд Дэнжийн мянгын байгалийн хийн станцыг Цагаан давааны хий хадгалах байгууламжтай хоолойгоор холбоно. Хэлэлцээр хийж байгаа "China Gas Holdings Limited" групп нь БНХАУ-ын хийн сүлжээний 85 хувийг эзэмшдэг. Дэлхийн 28 оронд төсөл хэрэгжүүлж байгаа. 2025 оноос хий нийлүүлэх саналыг манай улсад тавьсан. Хийн хоолой барих, хий хадгалах, дахин хувиргах, хийгээр дулааны эрчим хүч үйлдвэрлэх гурван байгууламжийг барих нийт төсөв 62 сая орчим ам.доллар. Үүний 20 орчим сая буюу 75 тэрбум төгрөгийг Улаанбаатар хот хариуцна. Хотын ерөнхий архитектор Б.Батцолмон: 7 дугаар нэгж хорооллын ерөнхий төлөвлөгөөгөөр байгалийн хийн түлшний станц барих инженерийн байгууламжийн бүс байгаа. Төлөөлөгч Э.Одонтуяа: LNG нь LPG-ээсээ хоёр дахин үнэтэй, LNG-ийг хасах градуст буюу хөргөлтийн системд хадгалах горимтой тул дахин эрчим хүч зарцуулах эдийн засгийн хохиролтой нөхцөл байгаа юм байна. Байгалийн хийг тээвэрлэхэд 3-5 хувийн алдагдалтай орж ирдэг байна. Өөрөөр хэлбэл 100 тонн тутмаас 5 тонн хийн үнийг салхинд хийсгэх эрсдэл байна. Эдгээрийг ТЭЗҮ-д дурдсан байх. Гэхдээ ТЭЗҮ хийгдсэн төсөл бүр зөв биш. 2024 онд нийслэлийн МАН хөтөлбөрөө гаргахдаа бүх дүүрэгт дэд төв байгуулна, агаарын бохирдол, замын түгжрэлийг бууруулна гэж тусгасан. Энэхүү төлөвлөгөөг биелүүлж дуусгая. Дараагийн хурал дээр дэд төвүүдийн явцыг танилцуулахыг хүсэж байна. Бонд гаргаж, дахин төлбөрт унан барин өмнөх хөтөлбөрөө үгүйсгэж байгаа энэ төслийг эсэргүүцэж байна. Ихэнх төлөөлөгч хийн станцын аюулгүй байдлыг сайн хангах тухай саналыг хэлэв. Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн дотоод үнэт цаас гаргах тухай, Нийслэлийн төсвийн сахилга бат, санхүүгийн хариуцлагыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан тогтоолын төслийг бүхэлд нь батлав.