АНУ-ын их сургуулиудад шинээр элсэх гадаад оюутнуудын тоо 15 хувиар буурчээ

ikon.mn · world

Даваа гарагт нийтлэгдсэн тайланд дурдсанаар 2026-27 оны хичээлийн жилд АНУ-д суралцахаар ирж буй гадаад оюутнуудын тоо 15 хувиар буурсан байна. Ингэснээр хоёр жил дараалан хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэх хэмжээний бууралт ажиглагджээ. Олон Улсын Боловсролын Хүрээлэнгийн (Institute of International Education) "Open Doors" тайланд дурдсанаар бакалавр, магистр, докторын түвшний оюутнууд болон “нэмэлт практик сургалт" (Optional Practic Training)-д хамрагдаж буй оюутнуудыг багтаасан бүх түвшинд олон улсын оюутнуудын тоо буурсан байна. Тайланг АНУ-ын дээд боловсролын 809 байгууллагаас авсан мэдээлэлд үндэслэн боловсруулжээ. Эдгээр байгууллагуудын мэдээлснээр олон улсын оюутнуудын нийт тоо 9 хувиар буурсан бөгөөд үүнд бакалаврын түвшний оюутнууд 3 хувиар, магистр, докторын түвшний оюутнууд 15 хувиар, OPT хөтөлбөрт хамрагдагсад 6 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Олон улсын оюутнуудын тоо нь буурсан коллеж, их сургуулиуд үүнд нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйлийг нэрлэжээ. Үүнд виз мэдүүлэх үйл явц (88 хувь), зорчих хязгаарлалт (70 хувь), бусад улс оронд дээд боловсрол эзэмшихээр сонгох явдал (60 хувь) болон сургалтын зардал (45 хувь) зэрэг багтаж байна. Энэхүү тайлан нь Трампын засаг захиргааны цагаачлалын хатуу бодлого үргэлжилж, хууль ёсны оршин суугчид, тэр дундаа оюутнуудад сөргөөр нөлөөлж, АНУ-д суралцагчдад зориулсан визийн бодлогыг өөрчлөн, хураамж, төлбөрийг нэмэгдүүлж буй цаг үетэй давхцан гарч байгаа юм. Америкийн Боловсролын Зөвлөлийн (American Council on Education) ерөнхийлөгч Тэд Митчелл "The New York Times" сонинд өгсөн ярилцлагадаа сүүлийн хоёр жилийн хугацаанд ажиглагдсан энэхүү бууралтыг "түүхэн хэмжээний" хэмээн дүгнэжээ. Митчелл АНУ-ын их сургуулиудад аль хэдийн элсэн суралцаж эхэлсэн магистр, докторын түвшний оюутнууд сургуулиа орхин явж байгаа нь санаа зовоосон асуудал болохыг онцолсон байна. "Тэд суралцаж эхэлчхээд байгаа хэрнээ 'Үгүй ээ, эрсдэл хэтэрхий өндөр байна. Би буцахгүй' гэж хэлж байна” гэж тэр ярьжээ. АНУ-ын олон коллеж, их сургуулиуд гадаад оюутнуудын төлсөн сургалтын төлбөрөөр дотоодын оюутнуудын сургалтын төлбөрийг хөнгөвчлөх хөтөлбөрөө санхүүжүүлсээр ирсэн байдаг. OPT (Optional Practical Training) буюу "нэмэлт практик сургалт" нь олон улсын оюутнууд болон саяхан төгссөн төгсөгчдөд зориулсан түр хугацааны хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөр юм. "OPT-д оролцох нь олон улсын оюутнуудын суралцах үйл явцын чухал хэсэг болдог бөгөөд энэ нь тэдэнд сургалтын хөтөлбөрийнхөө хүрээнд олж авсан онолын мэдлэгээ ажлын бодит орчинд ашиглах боломжийг олгодог" гэж тайланд дурджээ. Судалгаанд оролцсон боловсролын байгууллагуудын мэдээлснээр OPT нь АНУ-ын компаниудад эдийн засгийн үр өгөөж авчирдаг төдийгүй ажлын туршлага хуримтлуулах сонирхолтой олон улсын оюутнуудыг татахад тусалдаг байна. Эдгээр коллеж, их сургуулиудын 95 хувь нь хэрэв АНУ-д OPT-ийн боломжууд хязгаарлагдвал гадаад оюутнууд өөр улс орнуудыг сонгох магадлалтай гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Эх сурвалж: UPI

Read full article → Compare