Хэрвээ Иран улс Вашингтонд “бохир бөмбөг” дэлбэлбэл маш өндөр үнэ төлөхийг Трамп анхаарууллаа
АНУ-ын тагнуулын албаныхан Иран улс "бохир бөмбөг" (dirty bomb-цацраг идэвхт бодис агуулсан тэсрэх төхөөрөмж) ашиглан халдлага үйлдэхээр төлөвлөж байсныг илрүүлсэн тухай CNN суваг Трампын засаг захиргааны долоон эх сурвалжаас уламжлан мэдээлсэн билээ. Тэгвэл Мягмар гарагт ерөнхийлөгч Дональд Трамп хэрэв Иран улс Вашингтон хотод ийм халдлага үйлдвэл "маш өндөр үнэ төлөх болно" хэмээн анхааруулжээ. Дотоод хэргийн сайд Марквейн Маллин засаг захиргаа нь энэ аюул заналыг нухацтай хүлээж авч байгааг илэрхийлсэн ч үүнийг шинэ зүйл биш, Иран улс ийм ажиллагаа явуулах "маш их хүсэл эрмэлзэлтэй" байгааг онцолсон байна. Филиппин улсад сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Трамп хэрэв Иран улс АНУ-ын нийслэлд түүний засаг захиргааны гишүүдийг онилсон "бохир бөмбөг”, эсвэл химийн зэвсэг ашиглан халдлага үйлдвэл "өмнө нь ямар ч улс орон төлж байгаагүй тийм их үнэ төлөх болно" гэж мэдэгджээ. Маллин хэрэв ийм төлөвлөгөө хэрэгжвэл энэ нь “бүрэн хэмжээний дайн" өдөөж болзошгүйг анхааруулсан байна. "Хэрэв тэд манай хотуудын аль нэг рүү, эсвэл Вашингтон хот руу дайрвал бүх талын дайныг эхлүүлэх болно. Энэ нь зөвхөн агаарын хүчин гэлтгүй, бүхий л нөөцөө бололцоогоо дайчлан тэднийг устгана гэсэн үг юм” гэж тэр CNBC сувагт ярьжээ. CNN-д мэдээлэл өгсөн эх сурвалжуудын үзэж байгаагаар Ираны энэхүү төлөвлөгөө нь шууд хэрэгжих гэж буй халдлага гэхээсээ илүүтэй Техраны төлөвлөж буй олон хувилбар сонголтуудын нэг байж болзошгүй гэнэ. Гэсэн хэдий ч АНУ-ын албаныхан энэхүү тагнуулын мэдээллийг Ираны зүгээс нөхцөл байдлыг хурцатгахад бэлэн байгаагийн түгшүүртэй дохио гэж үзэж байна. Учир нь Иран улс одоо АНУ-ын агаарын цохилтууд болон эдийн засгийн хатуу хориг арга хэмжээнүүдийн улмаас хүчтэй дарамтад байгаа бөгөөд Трампын засаг захиргааны өндөр албан тушаалтнууд эдгээр арга хэмжээ нь тус улсыг "сүйрүүлж" байгаа гэж ярьдаг. Техраны эрх баригчид дээрх төлөвлөгөөнийхөө талаар гарсан мэдээллийг няцааж, үүнийг "хэвлэл мэдээллийн зохиомол түүх" гэж нэрлэжээ. "Ираны эсрэг түрэмгийллийг эхлүүлсэн хүмүүс одоо үндэслэлгүй мэдэгдэл гаргаж, түгээх замаар өөрсдийн хорон санааны төлөвлөгөөний суурийг тавихыг эрмэлзэж байна. Тэд алхам алхмаар цаашид түрэмгийлэл, харгислал үйлдэхийн тулд хууль ёсны дүр төрхийг бий болгохыг оролдож байна” гэж Ираны гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багай өчигдөр сошиал хуудсаараа мэдэгдсэн байна. "Иран аливаа түрэмгийллийн үйлдэлд хэрхэн хариу арга хэмжээ авах, мартагдашгүй хариу арга хэмжээ авахаа сайн мэддэг" гэж тэр нэмж анхааруулжээ. Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи мөн Мягмар гарагт уг мэдээллийг няцааж, үүнийг "Иракийн дайны маягийн суртал ухуулга"-тай харьцуулсан байна. Мөргөлдөөнийг зогсоох яриа хэлэлцээ бараг зогсож, АНУ-ын талаас Иранд явуулж байсан агаарын цохилтууд ч бас хэдэн сарын турш зогсоод байгаа. Трамп өнгөрсөн долоо хоногт дайн "удахгүй" дуусна гэж мэдэгдсэн боловч хоёр тал тохиролцоонд хүрч чадахгүй бол “хурцадмал байдлыг улам хурцатгана” гэсэн сүрдүүлгээ хэд хэдэн удаа давтаж байлаа. Эх сурвалж: CNN