Ши Жиньпин нисэх онгоцны буудал дээр Трампыг угтаж авсан нь Хятадын олон арван жилийн уламжлалыг эвдсэн хэрэг боллоо
Лхагва гарагт Шэньжэнь хотын нисэх онгоцны буудалд дээд хэмжээний уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин биечлэн угтсан нь сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Хятадын төрийн тэргүүн гадаадын төрийн тэргүүнийг айлчлан ирэхэд өөрийн биеэр угтсан анхны тохиолдол боллоо. АНУ-ын ерөнхийлөгчийн нисэх онгоц "Air Force One” газардсаны дараа Трамп улаан хивсэн дээгүүр алхан бууж ирэхэд Ши Жиньпин түүнийг угтахаар хүлээж байв. Тэд тэврэлдэж мэндэлснийхээ дараа хоёр улсын туг далбааг барин уухайлан угтаж буй хүмүүсийн дундуур хамтдаа алхан тус тусын автомашинд сууцгаасан юм. Энэ долоо хоногт Шэньжэнь хотод Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) уулзалт болж байгаа бөгөөд үүний хүрээнд Пүрэв гарагт Ши Жиньпин, Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар түүхэн гурван талт уулзалтад оролцоно. Лхагва гарагийн үүрээр Владимир Путинийг ирэхэд Ши Жиньпиний ойрын хамтран зүтгэгч Цай Чи угтан авсан байна. Харин Дональд Трампыг төрийн тэргүүн өөрийн биеэр угтан авсан нь сүүлийн хэдэн арван жилд Хятадад гарч байгаагүй үйл явдал бөгөөд тавдугаар сард Бээжинд хийсэн Трампын айлчлалын үеэр түүнийг дэд дарга Хань Жэн угтаж байсантай харьцуулахад энэ удаагийн угталт илүү өндөр түвшнийх байлаа. Брүүкингсийн хүрээлэнгийн Жон Л. Торнтоны нэрэмжит Хятад судлалын төвийн захирал Райан Хасс хэлэхдээ Трамп "Ши Жиньпиний энэхүү үйлдэлд баярлаж байгаа нь илт харагдаж байсан" гэжээ. "АНУ-Хятадын харилцаан дахь эмзэг тогтвортой байдлыг аль болох удаан хадгалах нь Бээжингийн гол зорилго тул Ши Жиньпин айлчлалын үеэр Трампад хүндэтгэл үзүүлэх боломжуудыг эрэлхийлэх байх. Нисэх онгоцны буудлын талбайд түүнийг угтан авсан нь үүний нэг илрэл юм" гэж Хасс ярьсан байна. "Энэ нь Трампын айлчлалд эерэг уур амьсгал бүрдүүлсэн бөгөөд Трампыг Шэньжэньд ирэхийн өмнөхөн дэгдээд байсан Женсен Хуантай холбоотой дуулиан шуугианаас тэс өөр, эерэг өнгө аясыг бий болгож чадлаа” гэж тэр цааш нь хэлжээ. Өнгөрсөн долоо хоногт хиймэл оюун ухааны чип үйлдвэрлэгч Америкийн томоохон компани болох Nvidia-гийн гүйцэтгэх захирал Женсен Хуан албан тушаалаасаа чөлөөлөгдсөн юм. Тэрбээр гэр бүлээс гадуур нэгэн эмэгтэйтэй дотно харилцаатай байснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг эмэгтэйг АНУ-ын албаны зарим хүмүүс Хятадын тагнуул байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа аж. Трампыг халуун дотноор угтсан Ши Жиньпиний үйлдэл нь өмнөх хүндлэлийн хариу хүндлэл байв. Ши Жиньпин тавдугаар сард АНУ-д айлчлах үеэр Трамп бас олон жилийн дипломат уламжлалыг зөрчин нисэх онгоцны буудал дээр түүнийг угтаж авсан юм. АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Шэньжэньд ирсэн хэд хэдэн удирдагчдыг олон нийт баяр хөөртэйгөөр угтаж авсан ч нэг айлчлал л хүндлэл ёслолгүй байдлаараа онцлог байв. Японы ерөнхий сайд Санае Такайчийг сайдын түвшний албан тушаалтан биш, харин хүндэт харуулын цэргүүд болон Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хятадын гадаад хэргийн яамны протоколын мэргэжилтэн гэж тодорхойлсон эмэгтэй угтан авчээ. Бээжин өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг Тайванийн арлыг тойрсон аливаа мөргөлдөөнд Япон улс цэргийн хүчээр оролцохыг Такайчи өнгөрсөн онд мэдэгдсэнээс хойш хоёр орны хооронд удаан хугацаанд үргэлжилсэн хүйтэн харилцаа улам дордсон юм. Үүний зэрэгцээ Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаум хэмнэлтийн бодлогын хүрээнд ердийн зорчигч тээврийн нислэгээр Шэньжэньд ирсэн тул тусгай ёслолын арга хэмжээ болоогүй байна. Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Эх сурвалж: AFP