Б.Цэнгэлмаа: НЗДТГ-ын хуучин барилгын ханыг нураахгүй, бүтээцийг өөрчлөхгүй

ikon.mn · world

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах НЗДТГ-ын гурван давхар хуучин барилгыг Хүүхдийн ордон-2 буюу “Хүүхдийн шинжлэх ухаан технологийн ордон” болгохоор шийдвэрлээд буй. Барилгын засварын ажлын явцын талаар Монголын Хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа " Нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын хуучин барилгыг Хүүхдийн ордон-2 буюу “Хүүхдийн шинжлэх ухаан технологийн ордон” нэртэйгээр үйл ажиллагаа явуулахад бэлтгэж байна. Засварын ажил наймдугаар сарын 4-ний өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар засвар, тохижилтын ажил 70 хувьтай үргэлжилж байна. Хүүхдэд аюулгүй, ээлтэй барилгын материал сонгоход Чингэлтэй, Хан-Уул дүүргээс тус бүр хоёр байгууллага оролцож, хүн хүч нэмсэн. Энэхүү барилга нь оффисын зориулалттай, олон жижиг танхимтай, соёлын өвд бүртгэгдсэн учраас ханыг нураахгүй, бүтээцийг өөрчлөхгүй. Шинжлэх ухааны лаборатори гэхэд зэрэгцээ гурван ангид тус бүр 6-8 хүүхэд хичээллэхээр тооцсон юм. Санхүүжилтийг нийслэлийн Засаг даргын зүгээс удаахгүй шийдвэрлэж өгч байгаа" гэж мэдээллээ. Хүүхэд багачуудыг шинжлэх ухаан, технологид дуртай болгох, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой тус ордны хаалгыг Сүхбаатарын талбай руу харуулах бөгөөд энэ оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Харин Монголын Хүүхдийн Ордны барилгыг 2027 онд хүчитгэхээр болсон байна.

Read full article →