Д.Алдардэлгэр: Ямар ч хүүхэд хүйтэн гэрт хичээлээ хийнэ гэж байхгүй, мөрөөдлөө эрүүл бодохгүй
“Дулаан гэр-Эрүүл ирээдүй” арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Энэ үеэр гэр хорооллын өрхүүдийг дулаалга, эрчим хүчний үр ашигтай, цэвэр халаалтын технологид шилжүүлэх боломжийг сурталчлан таниулах бөгөөд энгийн халаагуур, дулааны нөөцлүүртэй халаагуур, дулааны насосууд болон гэрийн дулаалгын багц найман төрлийн бүтээгдэхүүн, нэмэлтээр агаар сэлгэх, сорох төхөөрөмжийг танилцуулах энэхүү өдөрлөг арваннэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд үргэлжлэх юм байна. Энэхүү арга хэмжээг арваннэгдүгээр сарын 20-ны өдөр буюу Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан хэрэгжүүлэх “GoBlue Lights” аянтай уялдуулан зохион байгуулж буйгаараа онцлогтой байна. Энэ тухай НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Биате Дастел "Монгол Улсад ирээд 9 сар гаруй болж байна. Гэхдээ Монгол Улс дулаан, зөөлөн, миний мөрөөдөж явсан орны нэг байгаа юм. Монголын хүүхдүүдэд маш их хайртай. Та бүхэнд сэтгэл дотно байдаг гэдгээ хэлье. Бид нийслэлийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдээс үр дүн сайтай хэрэгжиж байгаа төслүүдийн нэг бол Чип төсөл буюу монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн багц төсөл юм. Бид энэ ажлыг хүүхдийн сайн сайхан байдал, эрүүл энхийн төлөө хийдэг. Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан зөвхөн агаарын бохирдлыг бууруулах хүүхдийн эрүүл мэнд төдийгүй нийгмийн бодлого, хүүхэд хамгаалал, боловсрол, хоол тэжээл зэрэг олон хөтөлбөрт хамтран ажилладаг. Монгол Улсад байх энэ хугацаандаа 21 аймгаар явж, сургууль, цэцэрлэг, хүүхдийн дотуур байр, хүүхдийг асрах төв, бусад янз бүрийн байгууллагуудын нөхцөл байдалтай танилцсан. Алслагдсан газар хүүхдүүдийн амьдарч байгаа нөхцөл байдалтай танилцсан байгаа. Улаанбаатар хотын гэр хорооллын дүүргүүдэд хэд хэдэн удаа очиж үзсэн. Бид хэчнээн ололт, амжилттай байгаа ч гэсэн тулгамдаж байгаа олон асуудал тэнд байдаг. Өнөөдөр хүүхдийн мөрөөдлийг сонсох өдөр. Энэ улс орны иргэн бүр, хүүхэд бүхэнд баярын мэндийг дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэлээ. Уг арга хэмжээнд нийт хүүхдийг төлөөлөн оролцож буй Монголын хүүхдийн зөвлөлийн тэргүүн Д.Алдардэлгэр: Яг энэ мөчид Хүүхдийн ордонд 800 гаруй хүүхдийн чуулган зохион байгуулж, хүүхдүүдэд тулгамдаж буй асуудал, ирээдүйд юуг хүсэж байгаагаа ярилцаж байгаа. Энд хэлэх гэж байгаа миний үг тэдний санал бодолтой адилхан байх гэж бодож байна. Хүүхдүүд бид хамгийн нэгдүгээрт хөгжих орчныг хүсдэг. Сургуульдаа дугуйлан, секцтэй, хөгжмийн зэмсэгтэй, шинжлэх ухааны лабораторитой, гэрээсээ гараад сургууль руугаа явахдаа нохойд хазуулахгүй, машинд дайруулахгүй аюулгүй орчныг хамгийн их хүсдэг гэж бодож байна. Мэдээж дэлхийн бусад орны хүүхдүүдтэй өрсөлдөх, өөрсдийн мөрөөдлөө нээх зэрэг олон хүсэл бий. Үүний суурь нь бидний амьдарч байгаа орчин байх болов уу. 600,000 гаруй хүүхэд амьдарч байгаа Улаанбаатар хотын орчин эрүүл, цэвэр, аюулгүй, бидний хөгжих орчныг бүрдүүлсэн байх ёстой юм болов уу гэж бодож байна. Энэ орчныг бүрдүүлж өгөхөө амласан хотын даргад нийслэлийн 9 дүүргийн хүүхдүүд нийлж саналаа өгөхөөр шийдээд 9 дүүрэг, 9 хүсэл бүтээлийг бэлдсэн. Энэхүү бүтээлд хүүхдүүд 9 хүслээ бичсэн юм. Тухайлбал дулаан гэр аяны хүрээнд гэр дулаацахаар хүүхдүүд хөгжих боломж нээгдэх болов уу. Ямар ч хүүхэд хүйтэн гэрт хичээлээ хийнэ гэж байхгүй, өөрийн мөрөөдлөө эрүүл бодохгүй. Бидний тэгш хөгжил дулаан гэрээс эхэлнэ. 9 дүүргийн хүүхдүүдийн төлөөллүүд "Хэрвээ би хотын дарга байсан бол" хэмээн хүслүүдээ бичсэн захидлыг өгч байна. Чип төслийг Монгол Улсын 13 аймаг, нийслэлийн 6 дүүргийн 6,100 өрх, 30 гаруй гэр цэцэрлэгт хэрэгжүүлжээ. Гэр цэцэрлэгт төслийг хэрэгжүүлсэн тухай НҮБ-ын Хүүхдийн сангийн залуучуудын элч Б.Баттөр буюу Ангууч " 2019 оноос НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр Чип төсөл хэрэгжиж эхэлсэн. 6,500 гаруй өрх айлын дулаалгыг сольж, нүүрс түлж байсныг өөрчлөн цахилгаан зууртай болгосон байгаа. Налайх дүүргийн гэр цэцэрлэгүүдээр өөрийн биеэр явж, Чип багцыг бэлэглэхдээ 20-30 хүүхэд нэг гэрт яаж байдгийг бодитоор харсан. Гал руу орж түлэгдэх, угаартах эрсдэл, нүүрс түлж халж, хөрөхөд нян бактери үржих, хүүхдийн дархлаа нь аймшигтай харагдаж байсан. Ингээд гэрийн дулаалгыг сольж, халаалтыг өөрчилснөөр хүүхдийн эрүүл, аюулгүй орчин үүсэж байгааг хараад маш их аз жаргалтай болж байлаа. Чип багц төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын хэмжээнд нэг ч гэр цэцэрлэг гал түлэхээ больсон" хэмээн ярилаа. Монгол гэрийн халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн Чип багцыг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран монгол орон даяар нэвтрүүлэх ажлыг Бүгд Найрамдах Чех Улсын “Пипл ин Нийд” (People in Need - PIN) олон улсын ТББ олон жил хэрэгжүүлдэг байна. Энэ тухай Чех улсын “Пипл ин Нийд” олон улсын ТББ-ын суурин төлөөлөгч T.Тришиа: 2020 оноос НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад түнш байгууллагуудтай хамтарч Чип төслийг хэрэгжүүлэн айл өрхүүдийг цэвэр, эрүүл амьдрах орчинтой болгоход хувь нэмрээ оруулж байна. Эдгээр санаачилга, үйл ажиллагаа нь өөр, өөр чиглэлд төвлөрч ирсэн хэдий ч агаарын бохирдлыг бууруулах, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, айл өрхүүдийн амьдрах орчныг сайжруулах нийтлэг зорилготой юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 13 аймаг, нийслэлийн дөрвөн дүүргийн 6,300 гаруй өрх гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн цогц шийдлийг багтаасан Чип төслийн үр шимийг хүртээд байна. Сүхбаатарын талбай дээр энэхүү төслийн бүтээгдэхүүн, шийдэлтэй танилцах боломжтой. Ташрамд дурдахад дэлхийн хүүхдийн өдрөөр "Хүүхдийн ирээдүйн төлөө амлалт өгөөч" уриалгыг НҮБ-ын Хүүхдийн Сангаас дэлхий нийтэд гаргажээ. Харин Улаанбаатар хотын төв талбайн ойр орчимд өнөө орой 18:00 цагт цэнхэр өнгийн гэрэл асааж НҮБ-ын Хүүхдийн конвенцод нэгдсэн гэдгээ илэрхийлэх аж.